Шар Мэдээ

МУГЖ Ц.Төмөрбаатар: Амьдралын төлөө л зүтгэж явна, Хүн бүхний хүсэж, тэмүүлдэг тэр л амьдралын төлөө

“Говь хянганд тулалдсан нь” киноны Ю.Цэдэнбал, “Үхэж үл болно Чингис хаан”, “Суварган цэнхэр уулс”, “Мандах нар­ны туяа”, “Амьдралын нахиа”, “Төрийн сүлд өршөө”, “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Ээждээ л үнсүүлэх сэн” зэрэг дэлгэц, тайзны 160 гаруй бүтээлд дүр бүтээсэн Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Та зав тун муутай байгаа бололтой. Кинонд тоглож байна уу?

-Амьдралын төлөө л зүтгэж явна. Хүн бүхний хүсэж, тэмүүлдэг тэр л амьдралын төлөө. Одоогоор ямар нэг кинонд тоглоогүй байна. Харин саяхан “Хайрын эрэлд” Монголын олон ангит кинонд тоглосон. Одоо телевизүүдээр цацагдаж эхэлсэн байх.

 

-Ганцхан цалингаараа амьдрал, ахуйгаа болгоно гэдэг хэцүү. Гэхдээ болгож байгаа хүмүүс ч бий. Ер нь жүжигчний цалин амьдралд хэр хүрэлцдэг юм бол?

-Жүжигчин хүний амьдрал театрт байдаг юм. Бүх насаа, үнэт цагаа тэнд мөнхөлж, тэндээсээ сэтгэл болоод ходоодоо тэжээдэг юм гэнэ лээ. Гэтэл манайд хэдэн театр байдаг вэ. Хэчнээн жүжигчинтэй билээ. Зах зээлийн өрсөлдөөнтэй энэ үед зарим хүнд багтаж шингэх орон зай давчуу, ховор болдог юм байна. Тэр тусмаа мань мэтийн үеийн жүжигчдэд. Аль заль мэх, арга сайтай нь нэр төр, албан тушаал, эд хөрөнгөтэй болно гэх хууль манайд үйлчилж байна шүү дээ. Урлагт зүрх сэтгэлээ зориулсан ахмад үеийнхэн тэнд байгаад яах юм бэ. Зай олдохгүйгээс гадна сэтгэл тогтохгүй шүү дээ. Гэхдээ тодорхой зорилго, тэмүүлэлтэй хүн ямар ч нийгэмд зохицоод, жижигхэн ч гэсэн өөрийнхөө орон зайг олоод амьдарч чаддаг юм байна. Үнэндээ жүжигчний амьдрал гэдэг чинь сайн дурын ажил шүү дээ. Чи асуугаад үзээрэй. Манай жүжигчдийн хэнийнх нь ч сарын цалин олигтойхон гутлын үнийг төлж хүрэхээргүй. Тийм учраас амьжиргаа залгуулах ямар нэг ажил хавсарч хийх хэрэгтэй. Тэгж байж гэр бүл, үр хүүхдээ тэжээж, дуртай ажлаа хийнэ. Үгүй бол мөнгө чамайг дарлаж эхэлнэ.

-Одоо ч яах вэ ийм байгаа. Гэхдээ удахгүй оюуны болоод урлаг ойлгох, тэдгээрт хандах хандлага, үнэлэмж дээшлэх байх гэж найддаг юм. Таныг залуу байх үед жүжигчний цалин амьдралд тань хүрэлцдэг байв уу?

-Тухайн үедээ болгоод л байдаг байлаа. Аль ч цаг үед ямар ч уран бүтээлч хангалуун, баян амьдардаггүй, амьдраагүй юм шүү дээ. Гэхдээ одоогийнхоос арай дээр байсан гэдгийг ам бардам хэлнэ. Хүүхэд, залуучуудын театр мөхсөнөөс хойш олон жүжигчин уран бүтээлийн болоод эд материалын хомсдол гэдгийг мэдэрсэн байх. Ер нь бол жүжигчин байлаа гээд театр нь байхгүй бол орох орон, багтах шингэх орон зай олдохгүй, хэдэн өнчин хүүхэд шиг л дүр зураг харагддаг юм даа. Урлаг болоод оюуны салбарыг үнэлэх үнэлэмж нэг үеэ бодоход сайжирч, дээшлээд байгаа. Түүнээс ч илүү сайн сайхан цаг ойрхон байгаа байх аа.

 

-Таны гайхамшигтай, давтагдашгүй дүрүүд ард түмний сэтгэл зүрхэнд бий. Гэхдээ тэр дүр бүрийг гаргах “жор” танд бас байдаг байх?

-Би урлагт 36 дахь жилдээ ажиллаж, урлагаар амьдарч, урлагийг шүтэж байна. Энэ хугацаанд би нэг л зүйлийг там тум ойлгосон. Бүрэн ойлгосон гэж хэлээгүй шүү. Жүжигчин хүнд бусдын сонирхлыг татаж, сэтгэлийнх нь чавхдасыг хөндөхийн тулд ганц л момент сонгох хэрэгтэй. Тоочиглосон тэр моментоороо хүний дотоод ертөнцийн түмэн хувирлыг ил гаргах хэрэгтэй. Хэрвээ чи бусдад нэгийг бодогдуулж, зүрхийг нь огшуулж, нулимсыг нь гаргаж, үзэгчийн сэтгэлийг дэнслүүлснээ мэдэрч л чадвал дүрээ сайн гаргахыг чармайжээ гэж ойлгох хэрэгтэй. Дүр бүхэн минь миний хөдөлмөр, хөлс, бодол, санаашрал, эрэл хайгуул учраас бүгдэд нь хайртай байдаг юм. Нэг ёсондоо миний хүн болсны бахархал, баялаг шүү дээ.

 

-Тэгвэл таны бүтээсэн хамгийн хэцүү дүр аль вэ?

-Амьдрал дээрх өөрийн минь дүр л хэцүү дээ. Киноных бол зохиолынхоо хувь заяагаар төгсөнө. Харин амьдрал бол таашгүй баян. Энэ дүрдээ хэрхэн сайн тоглож, хүмүүст сайн сайхнаар дурсагдаж үлдэх вэ гэдэг миний авьяасаас бус ухаанаас шалтгаална. Хүн ганц л амьдардаг. Тэр амьдралынхаа түүхийг алдаанаасаа илүү оноо байлгахыг л хүснэ шүү дээ.

-Арчаагүй ялтнаас эхлээд аугаа хүний дүрд ч хувирдаг Ц.Төмөрбаатар амьдрал дээр ямархуу хүн бэ. Ер нь бол их омголон, жаахан онгироодуу биз?

-Би өөрийгөө их зөөлөн хүн болов уу гэж боддог болоод байгаа шүү. Яагаад вэ гэхээр цаг хугацаа явах тусам хүний амьдралыг таних, амьдралын гүн рүү орох нь ихэсдэг юм байна. Харин өөрөөрөө, бусдаар, ямар нэг сайхан зүйлээр омгорхох үе зөндөө бий шүү. Онгирох нь ч бий. Амьдрал сайхан. Баярлаж, гомдох, бардамнах, гутрах зүйл аль тохиолдохыг тэр гэх вэ. Хүн болгон л омголон, онгироо байдаг шүү дээ. Төмөрбаатар яагаад тийм байж болохгүй гэж. Би бас гомдож, баярлахдаа их амархан. Яг итгэж байсан хүн маань урмыг минь хугалбал үнэхээр гомдолтой байдаг. Уйлж байж л сэтгэл тайвширдаг. Өнгөрсөн хугацаанд юу эсийг үзэхэв. Дотроо уйлж, орилж, шатаж үзлээ. Нулимс дуслуулж, шаналж суухын амтыг ч мэдэрлээ. Гэхдээ хамгийн гоё зүйл чинь муу, муухай юмыг мартах. Мартаж болохгүйг нь уучлах. Би муу муухай зүйлийн талаар насан туршдаа бодож сэтгэлээ өвтгөж, өөрийгөө зовоож яах юм бэ. Түүний оронд уучилж, мартаж өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй.

 

-Та хэр сайн найз вэ? Ер нь хүнд жинхэнэ анд ховор байдаг юм шиг ээ.

-Тийм шүү. Хүнд шалгарсан анд маш цөөхөн байдаг юм байна. Би сайн найз байхыг хичээдэг. Гэсэн ч миний хэтэрхий шудрага зангаас болдог уу, мэдэхгүй хүмүүс надаас амархан холдчихдог. Уг нь би найздаа өөрийнхөө сэтгэл доторх баяр жаргал, зовлон гуниг бүхнээ юу ч үлдээлгүй “шалдлахыг” боддог. Байгаагаараа л байхыг оролддог. Мөн найзынхаа алдаа дутагдлыг аминчлан хэлдэг. Олон хүнд зарлаж байснаас өөрт нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Магадгүй тэр занг минь хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй байх.

-Та их өөнтөгч юм болов уу? Чиний тэр чинь надад таалагдахгүй байна ингэ, тэг гээд л.

-Хүмүүст тэгж санагддаг байж магадгүй. Гэхдээ би найзынхаа алдаа дутагдлыг засаж, залруулах хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй бол би түүний найз гээд яах юм бэ. Муу зүйл байсаар байхад нь “Чи ёстой сайн” гэж худлаа долигнож би л лав чадахгүй. Тэгж ч үзээгүй. Ер нь тийм нөхөрлөл ховор байдаг байх аа. Нөхрөө дандаа магтана гэдэг хуурамч нөхөрлөл байх. Амьдралын сайн, муу нугачаан дунд шалгарч үлдсэн хэдхэн анд надад бий шүү. Бие биенийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй тийм нөхөрлөл надад байдаг гэхээр би сайн анд ч байж мэднэ. Нөхөрлөл гэдэг чинь энэ хорвоогийн хамгийн үнэ, цэнэтэй зүйл. Аав, ээжийг минь орлох түшиг бол миний андууд.

 

-Та нэг ярилцлагад “Би хүүтэй л болмоор байна“ гэсэн байсан. Энэ хүсэл чинь хэвээрээ юү?

-Одоо өнгөрөө байлгүй дээ. Би зүгээр л удмаа, уламжилж ирсэн мэргэжлээ бодож тэгж хэлдэг байлаа.

-Худлаа яриад л. Ямар ч эр хүн хүү л хүсэн хүлээдэг шүү дээ. Магадгүй зарим нэгнийх нь хувьд амьдралынх нь утга учир удам залгах хүү нь байдаг?

-(инээв) “Хүү охиныг, охин хүүг орлодог” гэдэг үг байдаг юм. Би хоёр сайхан охинтой хүн. Хоёр хүүгээс ялгаа юу байна. Тэд маань жүжигчин болно л гээд үзээд байгаа. Тийм болохоор мэргэжил өвлүүлэх тал дээр айлтгүй болсон. Ямар ч байсан аавын минь удам тасрахгүй боллоо гэж бодох болсон. Энэ хүслийг минь биелүүлэх ч байх. Тийм болохоор илүү харах юм алга даа.

-Та тэгвэл охидоо хүүгийн дайтай бодож, эрхлүүлдэг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Дахиж олдохгүй амьдрал бас хүүхдээ хайрлах хайр шүү дээ. Хэзээ ч билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяаг “Охин үрээ хайрла” шүлгийг уншиж байхыг сонсоод “Охидоо яг ингэж хайрлана даа” гэж өөртөө шивнэж байсан юм. Түүнээс гадна би өөрөө аавын хайр, энхрийлэл, ааваар хайрлуулахын жаргал, элэг бүтэн байхын сайхныг амсаагүй хүн. Тийм болохоор өөрийнхөө амсаагүй жаргалыг, хүүхэд байхдаа хүсэж, бэтгэрч байсан мөрөөдлөө хүүхдүүддээ харамгүй өгөхийг хичээдэг. Тэднээсээ аавтай, ээжтэйн амьдрал ямар сайхныг харж, сэтгэлээ дэвтээх сайхан байдаг юм. Хүүхэд нас чинь богинохон шүү дээ. Аз жаргалтай, баяр баясалтай, юу ч бодохгүй, гэнэн томоогүй хүүхэд насны өдөр хоног тоотой. Тэр хугацаанд нь хангалттай эрхлүүлэх, жаргаах хэрэгтэй. Ер нь бол эрхлүүлдэггүй юм ш дээ. Бие хүн болгож төлөвшүүлэх хүсэлд л эцэг, эхийн хайр оршдог байх.

 

-Гэргийнхээ талаар ярь л даа. Н.Отгончимэг гэдэг бүсгүй байдгийг хүмүүс мэднэ. Харин чухам ямар хүн байдгийг нь тэр бүр мэдэхгүй байх?

-Надад ч бууж өгдөггүй тийм дайчин бүсгүй бий дээ. Дайчин Катятай яг адилхан. Алдаж, онож яваад түүнтэйгээ учирсан даа. Амьдралынхаа энэ л сонголтыг маш зөв дугуйлсандаа би баяртай явдаг юм. Ямар тэнэг эхнэрээ магтана гэдэг билээ. Түүн шиг эхнэрээ магтлаа гэх байх. Гэхдээ л миний болоод хоёр хүүхдийнхээ өмнө хайраа дэвссэн сайхан бүсгүй бий.

 

-Гэхдээ бидний ярьсан бас хүсэж, мөрөөдөж байгаа бүхэн эцсийн дүндээ хоосон чанартай шүү дээ. Тэгэхээр та бид хоёр, бас бусад маань ингэтэл цээжээ дэлдэж уурлах, хэн нэгнийг хайрлах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу?

-Тэр ч тийм л дээ. Бүх зүйл хоосон чанартай. Ядаж байхад амлалтууд нь хүртэл шүү. Гэвч хүн хүсэж мөрөөдөхгүйгээр амьдарч чадахгүй. “Хоосон шүү дээ” гээд л хэвтээд байж болохгүй. Хүн ганц л амьдарна. Амьд байх хугацаандаа үхсэн юм шиг амьд байж болохгүй. Цаана чинь үхсэн ч гэсэн үйл хэрэг нь амьд, магадгүй амьдаас нь илүүтэй үргэлжилж байгаа олон мянган хүн байна. Өнөөдөр ингэж хашгирч, уурлаж, хайрласнаараа тэдний нэг нь ч болох юм билүү.

-Надад таны хүүхэд нас “Суварган цэнхэр уулс” киноны дүр шиг чинь тийм гэгэлгэн, томоогүй, адтай байсан болов уу гэж санагддаг юм?

-Магадгүй. Тэр үед би хүүхэд байсан. Би багын л сахилгагүй, сэргэлэн гэх мэт эрэгтэй хүүхэд бүрийг дагадаг нэр зүүж өссөн. Гэхдээ буруу сахилгагүй байгаагүй юм шүү. Тэр л гэгэлгэн, цагаан цайлган хэвээрээ энэ амьдралыг туулах юм шиг санадаг байж дээ.

-Та өөрөө жүжигчин болохоор шийдсэн юм уу, эсвэл хэн нэгэн аавынхаа мэргэжлийг заавал өвлөх учиртай гэж захисан уу?

-Би аавынхаа тухай бараг мэдэхгүй шүү дээ. Зургаахан настайд минь бурхны оронд аавын минь хэрэг гараад аваад явчихсан юм. Тэгээд нялх хүүхдүүддээ аавын орон зайг нөхөхийг хичээх ээжийнхээ ухаан, хатуужил, хүнд хэцүү цагт хэнээс ч гуйгаагүй гээд тоолж баршгүй жишээ харж, мэдэрч өссөн. Сургууль төгсөх болоход ээж “Миний хүү УБИС-ийн Кино драммын ангид шалгуулаад үзээрэй. Аав чинь жирийн нэг жүжигчин байгаагүй. Тийм болохоор хүмүүс үр хүүхэд нь яаж, ямархуу явна вэ гэж харна. Тэгэхээр та хэд л аавынхаа олон түмэнд хайрлагдаж, хүндлэгдсэн нэр төрийг газар унагалгүй авч явах үүрэгтэй. Тэнцвэл тэр биз. Тэнцэхгүй бол хүссэн сургуульдаа ороорой” гэсэн. Шалгалт өгөөд шууд л тэнцсэн. Ээжийн минь бидэнд өгсөн аавыгаа хайрлах, хүндлэх, бишрэх хайр, аав шигээ хүн байх, аав шигээ дүр бүтээх, аав шигээ олны дунд биеэ авч явах чадвар, хүмүүжил олгохыг хичээж байсныг нь санахаар бидэнд ямар их үүрэг, хариуцлага хүлээлгэснийг ойлгодог юм.

 

Үнэлэмж дээшилж, урлаг хөгжихөд залуу жүжигчдийн үүрэг их. Гэтэл үзэгчид сайшаалаас илүүтэй шүүмжлэх их юм шиг. “Өнөө хэд чинь л байх шив дээ” гэх дурамж яриа ч сонсогддог?

-Манай кино урлаг гэлтгүй тайз, дэлгэцийн бүтээлийн чанар нэг үеэ бодоход сайжирч байгаа шүү. Чадварлаг, чин сэтгэлтэй залуучууд, хүүхдүүд олон байна. Гэхдээ “Өнөө хэд чинь” гэж хэлүүлж болохгүй. Яагаад тэгээд байна вэ гэхээр дүр бүрийг дүр болгож, амьдруулж чадахгүй байгаа юм. 16 дүрийг нэг л янзаар гаргаад байгаад л учир байгаа юм. Зөвхөн “Сайн байна уу” гэдэг үгийг бид хөгшин, залуу, найз нөхөд, хайртай хүндээ, өшөөтөн дайсандаа хэдэн янзаар хэлж болдог билээ. Түүнийг л гаргаж чадахгүй байгаа юм. Гэхдээ кино урлагийн болоод жүжигчдийн ирээдүй гэрэлтэх болсон шүү. Харин драммын урлаг сөнөх гээд байна уу гэх эмзэглэл сэтгэлийг минь өвтгөдөг болоод байгаа.

-Яагаад? 2005, 2006 оныг бодвол одоо харин ч драммын тоглолт их болсон шүү дээ. Энэ сард л гэхэд хайрын жүжиг нэлээд хэд байх шиг байсан.

-Бидний үед хагас, бүтэн сайн болгонд жүжиг тавьдаг байлаа. Өнөөдөр тоглолт болох нь болж байна. Чадварлаг жүжигчин гарын таван хуруунд багтах шахам бий. Гэхдээ л сэтгэл сэрвэлзээд байдаг юм. Залуу жүжигчид, хүүхдүүд дүр бүтээх цаашлаад өөрийгөө эвдэх тухай бодохгүй, хийхгүй байна. Нэг л хэвийн, “өнөөх” л байгаад байна. Мөн сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд үндэсний, өв уламжлал гэх мэт монгол хүн, эх орны онцлог зэрэг бусдаас ялгарах талыг орхигдуулаад байгаа. Урлаг ч гэлтгүй аливаа юмыг удах тусам нь нарийн нандин зүйлсийг нь мартаж, орхидог юм уу даа. Үзэхээр л дандаа дутуу байгаад байх юм. Магадгүй би арай олон оймс элээсэн болоод тийм зүйл олж хараад байдаг байж мэднэ. Гэхдээ л дутуу байгаад байдаг юм. Энэ нь уламжлалыг тасдаж хаясантай холбоотой.

 

Бүх ахмад жүжигчнээ тэтгэвэрт гаргаад, хөөгөөд явуулчихсан. Тийм болохоор залуу хүүхдүүдэд хэлж, зааж, зөвлөх хүн байхгүй байна шүү дээ. Нөгөө ахмадын алт шиг үнэтэй зөвлөгөө энэ тэр алга болчихсон. Бидний үед ахмадаасаа л бүгдийг сурч, хэн нэгэн шиг болох хүсэл тэмүүллээр өөрийгөө ирлэж, хурцалж, дүр бүтээдэг байлаа. Одоо бол бужигнасан шинэ үеийнхэн. Ур чадвар, мэдлэг нь нэг түвшний залуу хүүхдүүд бие биенээсээ юу сурах юм бэ? Жүжигчдийн дүрээ судалсан мэдлэг зузаан нимгэнээс шалтгаалж, дүр нь үнэмшилтэй, хүчилсэн гэх мэт маягаар л бүтнэ дээ. Түүнээс гадна сургуулиа төгссөн, чадвартай, авьяастай хүүхдүүд хошин шог руу туйлшраад байгаад сэтгэл эмзэглэж явдаг юм. Хошиг шогийг бууруутгаж, муу гэж байгаа юм биш. Харин тэр авьяас хэдэн халтар төгрөгнөөс болж хэнд ч хүрэлгүй зэвэрч, юу ч бүтээж чадалгүй өнгөрөх вий л гэж эмзэглэдэг юм. Хошин шогийн ард үнэ хөлс, өнгө, мөнгө л бий. Харин жинхэнэ дүрийн ард сэтгэл, зүтгэл, алдар нэр, дуурсах гавьяа бий.

-Та мэргэжлийнхээ сайн сайхныг хэнээс ч илүү ярих байх. Ер нь таны сонгосон мэргэжил танд юу өгсөн бэ. Өөр ямар нэг мэргэжил сонгосон бол ийм байх байлаа гэж бодогдох үе байв уу?

-Миний мэргэжил шиг сайхан мэргэжил хаа ч байхгүй. Өндөр цалинтай, бага цагаар ажилладаг гээд ямар ч сайхан ажилтай зүйрлэх, тэнцэхийн аргагүй мэргэжил бол ганцхан жүжигчин шүү дээ. Суутнуудын бүтээл туурвил дахь агуу ертөнцөөр дандаа аялж, ард түмнийхээ зүрх сэтгэлд дүр төрхөөрөө байнга хадгалагдаж байдаг ийм хувь заяанд хүссэн болгон төрдөггүй л байхгүй юу. Жүжигчин хүний оюун санаа дандаа эрүүл, цэвэр байдаг. Яагаад гэхээр сонгодог зохиол, бүтээл гэдэг хүнийг үндсээр нь өөрчилж чаддаг гайхамшигтай увдистай. Одоо өнгөрсөн амьдрал, туулсан замналаа эргээд харахаар бас муугүй явсан дүр зураг харагддаг юм шүү. Тэр ч бүү хэл нэртэй хүний зүстэй хүү явж чаджээ гэх бахархал төрдөг. Бас хүмүүсийн, үзэгчдийн надад өгсөн итгэлийг дааж чаджээ гэх бардамнал миний өнгөрсөн амьдралд бий. Би жүжигчин л болох байсан.

 

Ганцхан олдох амьдрал учраас хүн бүр л сайн сайхан руу улам бүр тэмүүлдэг. Тэр сайхан нь чухам хаана, юунд оршин байгаа гэж Та боддог вэ?

– Үр хүүхэд өвчин зовлонгүй амьдрах хамгийн сайхан. Ер нь бол идье гэсэн юмаа авч чаддаг, өмсөх хувцсаа гар таталгүй авчихдаг тийм амьдрал л сайхан шүү дээ. Тэрнээс биш хагартлаа баяжих бодол байдаггүй. Авсандаа ямар аваад оролтой биш. Илүү ихийг хураах гэж шунаад яах вэ гэж бодож явдаг. Надаас хойш миний үр хүүхэд гэдэс нь өлсөхгүй, нүцгэн гүйхгүй, олж авъя гэсэн боловсролоо эзэмших мөнгөтэй амьдрах учиртай. Энэ бүхний төлөө л би хөдөлмөрлөж явна.

-Та ардчиллыг дэмжигч анхдагчдын нэг. Ардчиллыг дэмжсэнээр одоогоос 20 жилийн өмнөх Төмөрбаатар, өнөөдрийн Төмөрбаатар хоёрын хооронд ямар ялгаа, ахиц, ашиг байгаа вэ. Танд дэмжсэн ардчилал тань юу өгөв?

-Би үйл хөдлөл, сэтгэл санаа, уран бүтээлээрээ жинхэнэ ардчиллыг дэмжсэн. Гэхдээ өнөөдрийн мөн чанар, утга учраа алдсан ардчилал биш юм шүү. Ард түмэнд эрх чөлөө, зөв амьдрал авчрах ардчилал хэмээх үзлийг дэмжсэн. Магадгүй би тэр үед хувьсгалт намыг сонгосон бол өнөөдөр Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин болчихсон байх ч юм билүү. Ардчилал гарснаар би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийгөө хэн бэ гэдгээ таньж, юу дуртайгаа хийж байна. Харин эд зүйл, эрх ямба, албан тушаалын хувьд юу ч олж авч чадаагүй. Харин ч ихийг алдсан.

 

-1990 оноос өмнө хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуртай зүйлээ хийж болдоггүй байсан хэрэг үү. Магадгүй таны дэмжсэн ардчилал Хүүхэд, залуучуудын театрыг хувьчлах, таны хэлснээр сөнөхөд хүргэсэн ч юм бил үү. Та хүссэн алдар, гавьяагаа аваагүйдээ хэн нэгэнд магадгүй хувьсгалт намынханд гомддог юм уу?

-Би алдар, гавьяаны төлөө өнөөдрийг хүртэл амьдарсангүй. Төмөрбаатарынх хэмээх өрх гэрийн аз жаргал л надад хангалттай. Үзэл бодлоосоо урвана гэдэг хүний хамгийн муухай зан. Ардчилал сайн, муу бүхнийг авчирсан. Өнгөрсөн хугацаанд би муухан монгол хүн байхыг л хичээсэн. Муу биш, сайн биш. Муухан шүү. Муухан хүн чинь л Монголынхоо зан заншил, өв уламжлал, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй байдаг юм. Сайн гэгддэг хүнийг тал талаас нь татаж, чангаагаад аль ч үгүй болгочихдог юм билээ. Монголчууд бүгдээрээ муухан байвал бид хөгжинө, урагшилна. Харин одоогийн төрд байгаа үнэтэй дээл өмсөж, том хөөрөг барьсан хүмүүс яагаад газар нутгаа бусдад зарж, идээд байна вэ. Зарим хүнд ямх газар хэрэгтэй байхад манайхан хэдэн зуун га-гаар нь харийнханд зараад хувьдаа завшчихаж байна. Энэ тэгээд Монголоо гэсэн сэтгэл үү. Тэднийг иргэд сайн гээд сонгосон биз дээ. Сайн байгаа нь энэ үү. Монголынхоо өв, уламжлалыг ч мэдэхгүй, ойшоохгүй, зөвхөн халаасаа хэрхэн түнтийлгэхийг л чухалчилдаг хүмүүс монгол хүн мөн гэж үү. Эрхтэн, дархтнуудыг халж, төрийн мөнгөөр гадагшаа явахаа больё гэх мэтчилэн уриа, лоозон барьж явсан хүмүүс одоо хаана, яаж явааг харж байгаа биз дээ. Оройд нь манлайлаад л улсаа зарж, идэж, уугаад явж байна шүү дээ. Манайхаас гаргаж байгаа нүүрсийг хятадууд шуудайлаад газарт булж байна. Тэд үр, хойчдоо хадгалж байна шүү дээ. Гэтэл манайхан яаж байна. Зөвхөн өнөөдрөө л харж, гарсных нь хэмжээгээр харийнханд худалдчихаад өнөө, маргаашийн хөрөнгө оруулалт яриад явж байна. Энэ чинь эмгэнэл. Төрийн толгойд сууж байгаа томчуудад хувиа бодохоос өөр юу ч алга. Би ийм ардчилалыг дэмжээгүй. Миний дэмжиж байсан ардчилал одоо үндсээрээ өөрчлөгдсөн. Би татварын мөнгөөр иргэдээ боомилсон ардчиллыг дэмжээгүй.

 

-Та Баянгол дүүргийн ИТХ-ын даргын албан тушаалтай. Тийм болохоор төрийн толгойд байгаа хүмүүсийг эх орноо худалддаг, иддэг гэдгийг мэдээд байна гэж ойлгож болох уу. Та өөрийнхөө сонгогдсон тойрогтоо юу хийж байна вэ. Амлалтаа биелүүлж чадаж байна уу?

-Шүүмжлээд л сууж байна. Өөр хийсэн юм алга. Хийх ч нөхцөл тааруу байна. Өмнө нь би мэддэггүй байлаа. Монголын ард түмэн Ху намынх, Ардчилсан намынх гээд хоёр хуваагдчихсан. Тэгээд тэдний хийх ажил нь олонх, цөөнхөөрөө ялгаатай. ИТХ 35 тэргүүлэгчтэй. Түүний 11 нь ардчилал, 24 нь хувьсгалт намынх. Тэгээд бүх асуудлыг олонхийн саналаар шийднэ. Цөөнх бол хараад, эсвэл тэдний санал, санаачлагыг хэрэгжүүлэхэд нь гар бие оролцоод л байж байдаг юм. Нэг юм хэлэхэд С.Эрдэнэ бол өөрийнхөө тойрогт хийнэ гэсэн бүхнээ хийж чаддаг юм байна лээ. Хүн тийм л байх хэрэгтэй. Гэхдээ хийж байгаа сайн сайхан зүйл олон бий. Туулайн чинээ хар уулын чинээ цагааныг дардаг гэж үг бий.
-Таныг авьяас билэгтэй хүний хүү, 25 насандаа Төрийн шагнал авсан мөн ардчиллыг дэмжигч гэдгээр чинь их дардаг, шахдаг байсан гэх яриа байх юм билээ. Энэ нь танд хэр мэдрэгдэж байв?

-Би түрүүн хэлсэн. Магадгүй би өнөөдөр ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар болчихсон ч байх байсан юм билүү гэж. Энэ мэтээр л шүү дээ. Монголчууд хүнийг сэтгэлээр нь алж, үхүүлж чаддаг. Р.Бямбаев гуайг яаж тамлалаа. 70 насанд даруулга хэрэгтэй ч гэх шиг элдэв янзаар хэлсээр байгаад биеэс нь түрүүлж сэтгэлээр нь алсан шүү дээ. Хүмүүс намайг юу ч гэж ярьж болно. Сайнаасаа илүү мууг нь ярьдаг юм. Тэглээ гээд Төмөрбаатар муухай болохгүй, сайн болохгүй. Би амьдардгаараа л амьдарна.

 

-Монголчуудын амьдралыг эмэгтэйчүүд нь үүрч байна. Хоолны газар, оёдлын үйлдвэр, гутлын цех, тэр ч бүү хэл барилгын салбарт ч эмэгтэйчүүд л ажиллаж байна. Бидний киноноос үздэг монгол эр хүний ноён нуруу, амьдралыг авч явах чадал одоогийн залууст байхгүй болчихсон юм шиг?

-Нэг үе тийм байсан юм. Харин одоо шинэ үе эхэлж байна шүү. Монголын залуучууд боловсрол, оюун ухаандаа илүүтэй анхаарч, амьдралын хэв маяг нь ч түүнийгээ дагаад их өөрчлөгдөж байна. 1990-ээд онд Монголын залуучууд эрхээ хэтэрхий эдэлсэн нь үнэн. Тэр үеийн ужиг бүрэн эдгээгүй ч шинэ үе эхэлж байгаа нь илт мэдрэгдэх болсон шүү. Би чинийхээс шал өөр ирээдүй харж байгаа шүү. Хэдхэн жил байна даа, тэр шижигнэсэн залуус эх орондоо сайн сайхныг бүтээхэд.

-Таныг ан хийдгийг мэдэхгүй хүн цөөн байх. Өөр ямар нэг хооби бий юү?

-Хэдэн ном л байна. Өмнө нь хутга, буу, асаагуур, марк цуглуулдаг байсан. Миний хамгийн дуртай зүйл бол хүүхдүүддээ сэтгэлээ дэвсэж өгөх, ханьдаа нялхрах, гэртээ тэрийж хэвтэх, хоолны ширээний ард инээж хөхрөлдөөд сууж байх.

-Та бас нэгэн ярилцлагад “Надад У.Шекспирийн Лир ванд тоглох хүсэл бий” гэсэн байсан. Тэр хүсэл чинь хэвээрээ юү?

-Тиймээ, хэвээрээ. Миний насны хүн Лир ванийн дүрийг бүтээж чадна гэдэг утгаар нь л би хэлсэн юм. Гэхдээ би одоо театрт ажиллахгүй байгаа юм чинь тийм аз завшаан олдохгүй болов уу гэх зовнил сэтгэлд минь байдаг л юм. Үүнээс илүүтэй бас нэг хүсэл, боддог юм бий. Аавынхаа “Сэрэлт” киноны Даш өвгөн шиг жирийн монгол эрийн дүр бүтээх юмсан гэх хүсэл намайг хатгаад л байгаа. Гэхдээ тэр дайны тоглож чадах болов уу гэж эргэлзэх юм.

-Лир ван, Таны хүсэл удахгүй биелэх байх аа.

-Баярлалаа. Биелэх байх.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!