Мэдээ Мэдээлэл

Сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх үү?

Сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэх боломж бий эсэх талаар БШУЯ-наас тодруулбал “Энэ талын асуудлыг БШУЯ дангаараа шийдэж чаддаггүй. Тиймээс сурагчдаа 100 хувь танхимаар сургалтад хамруулж, 2-3 настнуудаа цэцэрлэгт нь авъя гэсэн хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УОК-т хүргүүлсэн.

БШУЯ-наас хичээлийн шинэ жил эхлэхэд л хүүхдүүдээ 100 хувь танхимаар хичээлд нь хамруулъя гэж байр суурьтай байсан. Учир нь сургуулийн орчинд халдварын тоо 20 хувьтай байсан бол одоо 19 хувьтай байна. Сургуулийн орчны халдвар хамгаалалтын дэглэм ном журмын дагуу мөрдөгдөж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх” гэв.

Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Цэцэрлэгүүд 4-5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна.

Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль төрийн бус өмчийнх бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо 20-иос цөөн байгаа юм. Харин танхим болон зайн сургалт хослуулан 5/9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад нэг удаа 20-25 хүүхэд хамруулж буй. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзэж, 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!