Л.Мөнхбаясгалан: Тийм хөөрхөн охин дөнгөж 18 насандаа ийм болчих гэж… сэтгэл урагдаад л явчихсан

Тэр 18 тай байсан … Одоогоос хэдэн жилийн өмнө би Хавдарын эмнэлэгт хэвтэж байлаа. Гэтэл нэг орой үүдэнд хүмүүс гүйлдэх чимээ гарав. Гараад хартал хажуу өрөөнд орж, гарч харагддаг 50 гаруй насны эрэгтэй дамнуургатай гарч явах юм. “Хавдартай хүний л бие муудаж дээ” гэсэн шүү юм бодоод сууж байтал нэг эмэгтэй уйлаад ороод ирлээ. Сая дамнуургаар явсан хүн нөхөр нь гэнэ. Гэнэт олгой нь дотроо хагараад өөр эмнэлэг рүү шилжиж байгаа юм байх. Нөхөртэйгөө хоёулаа эцсийн шатны хавдартай, 18 настай охиноо сахиад удаж байгаа гэнэ. Гэтэл нөхөр нь гэнэт ингээд хагалгаанд явж зовлонгийн туйлыг амсаж амьдралд сөхрөх шахаж яваа эх аргагүйдсэндээ танил харагдаад байсан сэтгүүлчийн өрөөнд аргаа баран уйлж суугаа нь энэ. Бид нэлээд ярилцлаа. Охин эрүү нүүрний хавдараар (тэгж хэлсэн санагдана, оношийг буруу бичсэн байж мэднэ… )ө в д өж эрүүгээ цоолуулсан ч нэгэнт найдваргүй болсон тул өдрөө хүлээж буй гэнэ.
Цэл залуухан охин нь эмнэлгийн орон дээр ү х лээ хүлээж, нөхөр нь бие нь муудаад өөр эмнэлэг рүү явж, өөрөө ч нэлээд ядарч туйлдаж яваа эх надаас нэгэн зүйлийг хүслээ. “Нөхөр бид хоёр лам бөө огтоос мэдэхгүй хүмүүс. Одоо охин минь нэгэнт амьдрахаас өнгөрсөн. Эцсийн амьсгалаа татахыг нь хүлээж байгаа болохоор сүүлийн мөчид нэг ламаар ном уншуулахсан. Өөрөө хөөрхий эдгэнэ л гэж бодоод байх шиг байна, эдгэхгүй гэдгийг нь яаж ойлгуулах вэ… Ер нь ойлгуулсан нь дээр үү… Ямар ном уншуулах, ямар ламд хандах, яах ёстойгоо мэдэхгүй байна. Та газар сайгүй явж олон хүнтэй уулзсан байх. Бидэнд туслаач… бид лам хаанаас олох вэ” гэлээ. Бид нэгэнт ам нээсэн тул уушгиа ч бас нээж олон зүйлийн талаар ярилцав. Нэгэнт эдгэхгүй ойлгомжтой болсон бол өөрт нь хэлэх хамгийн зөв гэж би хэллээ. Тиймээ, үхлийг нууж болохгүй тэр хүн үхэлд өөрийгөө бэлдэх эрхтэй шүү дээ гэсэн юм. Би тэдэнд Нямсамбуу гавжийг санал болгож эрдэм мэдлэгтэй хүн тул тус болох байх гэлээ. Тэр ээж намайг л яриад холбоод өгөөч гэнэ. Гэхдээ эхлээд охинтойгоо уулз гэж байна. “Охин минь эрүү нүүрний хэсгээ авахуулчихсан тул цоорхой мах л харагдаж байгаа, марль ч и х э эд боосон байгаа. Та битгий эвгүйцээрэй. Уг нь миний охин ийм л хөөрхөн охин байсан юм гээд хачин царайлаг охины зураг үзүүллээ. Би охинтой уулзах гэж ороод үнэхээр цочсон. Тийм хөөрхөн охин дөнгөж 18 насандаа ийм болчих гэж… сэтгэл урагдаад л явчихлаа.
Ёстой л нүд биш сэтгэл хальтарна гээч болов. Охин муухан инээмсэглэж “та надаас айгаагүй биз дээ” гэж байна. “Яалаа гэж дээ, хүн хүнээсээ айхгүй… тэгээд ч чи тийм муухай харагдахгүй байна” гэж би хариулсан. Бид нэлээд ярилцсан ч охины тариа үйлчлээд унтаад өглөө. Охин найз залуутай байжээ. Тэгээд х а в д раар ө в д өж нүүрэндээ м э с засал хийлгэж эхэлснээр хайртай залуугаас ичээд бүх харилцаагаа тасалжээ. Ангийнханаасаа ч тэр…шилжлээ гээд утсаа солиод сураг тасарч гэнэ. ФБ -ээ хаажээ. Найз залуу нь ээж , аав руу нь зөндөө утасдсан ч тэднийгээ бас ярихыг х о р и г ложээ. Гэртээ байхгүй өөр хот руу шилжсэн гээд таг болж гэнэ. Тэр цагаас хойш жил тойрч байгаа гэнэ. Найз залуу нь цөхөрчээ. “Яагаад найз залуугаасаа зугтаж байгаа юм бэ ” гэхэд “би ийм муухай харагдмааргүй байна ” гэсэн юм. Охиныг унтсны дараа би зөндөө уйлсан… тэгээд Нямсамбууу гавж руу ярьж охиныг бурхны оронд очих эцсийн замыг нь зааж өгөөч гэхэд гавж уриалгахан зөвшөөрч маргааш нь эмнэлэг дээр ирлээ. Бид хамтдаа охины өрөөнд орсон. Гэвч т а р и а үйлчлэхгүй ухаан нь саруул байх тэр богинохон хугацааг нь би ламтан охин хоёрт үлдээгээд өрөөнөөс нь гарлаа.
Маргааш шөнө нь гэнэт хажуу өрөөнд эмэгтэй хүн чангаар уйлахыг сонсоод охин нөгөө ертөнц рүү одсоныг мэдсэн юм даа. Хөөрхий ээж нь уйлан хайлан сөхөрч унасансан… заншил ёсоор талийгаачийг хөдөөлүүлсний дараа ээж нь над руу нэгэнтээ ярьсан юм. “Танд маш их баярлалаа, бид охиноо сайхан хөдөөлүүлсэн. Нямсамбуу гавж сайн лам нар олж өгч бидэнд их тус дэм боллоо. Охин минь бурхны оронд төрсөн байх аа…нас эцэслэхээс нь өмнө өөрт нь ойлгуулж эцсийн үг захиасыг нь сонсож амжсан. Охин минь ч сэтгэл амар явсан. Танд их баярлалаа гэж охин хэлсэн шүү ” гэлээ, гол зураад л явчихав. Нэгэн халуун амь энэ орчлонгоос сэтгэл амар буцаж дээ. Сүүлд сонсох нь ээ хөөрхий охин ламаас “Хүн муу юм хийхээр муу зүйл хүртдэг гэдэг. би дөнгөж 18 настай муу зүйл хийж амжаагүй… яагаад ингэж зовох болов оо, хэрвээ би үхвэл энэ зовлонгоос ангижирах уу” гэж асуусан байдаг юм. Ээж аав хоёртоо “би юу гэж үхэх вэ дээ” гэж тоглоом шоглоом хийдэг байсан охин ламтай ганцаарчлан уулзангуутаа ийн асуусан нь тэр аль хэдийнэ бүхнийг мэдсэн байсных. Хариуд нь лам “Хүн заавал энэ насанд хийсэн үйлээрээ муу зүйл амсахгүй. Урд насны үйлийн үр гэж юм бий” гэж хариулахад “Би ч тэгвэл урд насандаа овоо муу гар байж дээ…” гээд доголон нулимстай инээмсэглэсэн гэдэг юм. Тиймээ, тэр зовлонгоосоо ангижирсан. Гэхдээ дөнгөж л 18 -тай байсан шүү дээ…
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан