Мэдээ Мэдээлэл

Буруу талдаа хүрдтэй машиныг хориглох эсэхийг иргэд шийднэ

Монгол Улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон түүхтэй. Хууль анх батлагдаж байх үед манай улс 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байжээ. Харин өнгөрсөн 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ.

Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсжээ. Тухайлбал, сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32 мянга 100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн өөд болсон байна. Ийнхүү 20 жилийн хугацаанд авто тээврийн салбарт асар их өөрчлөлт гарсан учраас Авто тээврийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай болжээ.

Өнгөрсөн хугацаанд уг хуульд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаад шинэчлэн найруулсан төслөө батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 23-нд өргөн барьсан.

Хуулийн төслийг өргөн барьсан тухай албан мэдээнд дурдсанаар Авто тээврийн тухай хулийн шинэчилсэн найруулгаар дараах харилцааг зохицуулах юм байна.

-Ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;

-Авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;

-Авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;

-Салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;

-Мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;

-Авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

-Авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;

-Авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хуулийн төслийг өргөн барихдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих тухай зохицуулалт хийх төсөлд багтаагүй гэдгийг онцолсон юм. Тэрээр “Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд, автомашины улсын дугаарыг өөрчлөх гэж байна гэдэг яриа бол цуурхал. Бид ачаа, зорчигч тээвэрт тавигдах шаардлагыг сайжруулж, иргэдэд ая тухтай, аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх зэргээр авто тээврийн салбарыг орчин үеийн дэлхий нийтийн жишиг, хандлагад нийцүүлэх зорилгоор энэхүү хуулийн өөрчлөлтийг хийж байна” гэсэн юм.

Хуулийн төсөлтэй танилцвал албан мэдээнд дурдагдаагүй, Б.Энх-Амгалан сайдын хэлээгүй нэг харилцаа төсөлд багтжээ. Энэ бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай зохицуулалт. Эрх баригчид олон нийтийн дунд маргаан дагуулдаг энэ асуудлыг мэдээлэхээсээ татгалзсан бололтой. Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ.

23.7.Дараах авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:

23.7.1.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;

23.7.2.баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;

23.7.3.зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;

23.7.4.тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэх үед энэхүү зохицуулалт нь багагүй маргаан дагуулах биз ээ.

Уг хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн “Сивко консалтинг” хуулийн фирм үнэлгээнийхээ тайланд “Баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг хориглох тухай төслийн зохицуулалтын хэрэгжүүлэх хугацааг тусгайлан авч үзэх, ингэхдээ автомашин импортлогчид болон бусад холбогдох этгээд, иргэдэд хохирол учруулахгүй байх боломжит хугацааг тооцоолох, эсхүл хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тусад нь боловсруулж уг зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!