Шар Мэдээ

Б.Навчаа: Ишш чааваас даа надаас салсандаа, тэжээгчээ алдсандаа хорсохдоо худлаа ярилцага өгсөн байна

Жүжигчин Б.Навчаад экс нөхөр нь гар хүрдэг байсан болохоор салсан гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй өөрөө “зүгээргүй байсан” гэх агуулгатай ярилцлагыг экс нөхөр Ж.Угтахбаяр өгсөн нь олны анхаарлыг багагүй татсан юм.

Тэгвэл энэ талаар жүжигчин Б.Навчаа: Фактньюс болон түүнээс хуулж авсан сайтуудад хандаж хэлэх үг байна. Би мөрөөрөө амьдарч яваа хэнд ч гай болоогүй, хэн нэгний амьдралыг үрээгүй. Салж сарнисан хүмүүсийн амьдрал уншигчдад юу нь сонин байнаа. Би хэзээ ч сайтуудад өөрөө очиж өнгөрсөн амьдралаа яриагүй. Гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хэмжээгээр амсаж байсан гэж хэлж байсан. Ишш чааваас даа надаас салсандаа, тэжээгчээ алдсандаа хорсохдоо худлаа ярилцага өгснийг нийтэлсэн байна. Уг нь энэ хэрүүлтэй, нулимстай хамт өнгөрүүлсэн хар бараан амьдралыг би цэглэх гэж, мартах гэж хичээж яваа юм шүү. Сэтгүүлчид минь хэн дуртай нь ярилцлага өгөх гээд өшөө авах гээд байгаа юм уу, хорлох гээд ч байгаа юманд ул суурьтай хандаж үзээд нийтэлж байвал зүгээр юм шиг санагдлаа. Сайтаас мэдээлэл авдаг маш олон уншигч байдаг тул та бүхний үзэгний үзүүр мэргэн байх болтугай. Амжилт хүсье” хэмээн бичжээ.

 

-Тантай уулзах гэж нэлээд юм боллоо. Их завгүй байгаа бололтой. Ер нь таны нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

-Зав чөлөө их муутай байдаг даа. Өглөө босоод хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө. Өөрөө бариа засалдаа явна. Дараа нь дүүгийнхээ хүүхдийг бариа засалд явуулна. Дундуур нь зураг авалт, энэ тэр гээд явж байгаад, орой хүүхдээ авна. Ингэсгээд өдөр дуусдаг юм.

-Ойрдоо уран бүтээлийн ажил ихтэй байгаа учраас бүр ч их завгүй байгаа бололтой?

-Харин тийм ээ, “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглолоо. Араас нь “Би эмэгтэй хүн” кинонд тоглосон. Одоо бас нэг кинонд тоглож байгаа. Удахгүй дуусах байх. Энэ мэтээр уран бүтээлийн ажил ихтэй, зав муутай л давхиад байна даа.

-“Хоёр ертөнцийн буудал” жүжигт Б.Навчаа гэдэг жүжигчнийг эвдсэн юм шиг санагдсан?

-Жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн л бол ямар ч дүрд тоглох ёстой шүү дээ. Найруулагч нар л ийм дүрд тоглуулъя гэж санал болгодог болохоос биш жүжигчид тийм дүрд тоглож чадахгүй, ийм дүрд чадна гэсэн ойлголт байхгүй. Ховор байх. Янз бүрийн дүрд л тоглож байх ёстой. Мэдээж жүжиг, тэр дундаа сонгодог урлагт бол дүрийн бүтээлт гэдэг зүйлийг хийх хэрэгтэй болно.

Жүжиг кино шиг биш. Зохиол нь урьдчилаад ирчихсэн байдаг. Уншлага явагдана, дараа нь дүр дээрээ ажиллана гээд сар гаруйн хугацаанд бий болж байгаа үйл явц учраас дүр гарч ирнэ. Тийм хугацаанд бэлтгэхээр дүр бүтээх боломжтой болно. Кинонд бол мөнгө нь бүтлээ, маргааш нь кинондоо тогло гээд л явчихдаг. Юун бэлтгэх хугацаа манатай. Тэр утгаараа хүмүүст хүрч, өөр болсон юм шиг санагдсан байх.

 

-Эхнээсээ таны тоглосон дүрүүд өвөрмөц байсан. Хурц ааштай эмэгтэйчүүдийн дүрд тог­лож байсан. Тийм болох­оор сонгодог жүжигт тоглоход бага зэрэг эмээх зүйл байсан уу. Үзэгчид яаж хүлээж авах бол гээд л?

-Надад уу, үгүй шүү. Ямар ч эмээх зүйл байгаагүй. Яасан гэж эмээх юм, би яахаараа тийм юмнаас айна гэж. Тийм юм байхгүй. Жүжигчин хүн ямар ч дүрд тоглож чаддаг байх хэрэгтэй. Өөрт таарсан, тохирсон дүрээ ямар ч тохиолдолд гаргаж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж фактур нь таарч байх ёстой. Би мэдээж Жульеттад тоглоно гэж байхгүй шүү дээ.

Түүнээс биш сонгодог, инээдэм, ямар ч төрлийн жүжигт тоглож чаддаг байх нь жүжигчний ажил. Би ийм зүйлээс хэзээ ч эмээж байгаагүй. Ерөөсөө цаг үеэ олсон уран бүтээл сайн байдаг. “Хоёр ертөнцийн буудал”-ыг цаг үеэ олсон жүжиг. Энэ бол мөнхийн сэдэв. Хүн үхнэ гэдгээ мэддэг. Гэхдээ хэзээ вэ гэдгээ хэн ч мэддэггүй. Мөн тэр богинохон хугацаанд яаж амьдрах вэ гэдгээ ч мэддэггүй. Амь нас гэдэг хүнд өгсөн хамгийн том бэлэг байхад түүнийг хүмүүс яагаад хайрлахгүй байна. Зарим хүмүүс нь ямар учраас буруу үйл хийгээд яваад байна вэ гэдгийг харуулсан учир цаг үеэ мэдэрсэн, сайн жүжиг.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Охинтойгоо хоёулаа амьдардаг. Өмнө нь хань ижилтэй байсан. Намайг нийгмээс тусгаарлаж, бусадтай уулзуулахгүй, уран бүтээл хийлгэхгүй байсан хүнийг би ойлгож чадаагүй. Амьдрал итгэл дээр тогтдог. Би чамд хайртай болохоор хардаад байгаа гэж тайлбарладгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Хайр, хар гэдэг өөр ойлголт шүү дээ. Хайрыг өмч хэлбэрээр ойлгож болохгүй. Хайр бол өмч биш. Хайр бол түгээмэл. Хэрвээ гэр бүл болохоор шийдсэн бол хань, итгэлцэл гэдэг үгийг ойлгох хэрэгтэй.

 

-Таныг айлын том хүүхэд гэж сонссон. Ер нь эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Аав, ээж хоёр маань хоёулаа байдаг. Гэхдээ намайг бага байхад салсан. Ээж маань өөр хүнтэй суугаад би гурван дүүтэй болсон. Аав маань ээжээс салснаас хойш хүнтэй суугаагүй. Яагаад гэвэл тухайн үедээ архи уудаг байсан юм. Одоо бол аав маань нэг дусал ч архи амсдаггүй. Ер нь би амьдралын эрээн барааныг туулсан. Хойд эцгийн царай харж, дүү нараа харах гээд амаргүй байсан даа. Тэгээд дагавар хүүхэд гэдэг утгаараа ажлыг бол хийдэг байлаа шүү дээ. Гэхдээ тэглээ гээд би шантраагүй. Тэгэхээр магадгүй миний багын амьдралыг туулсан хүүхэд энэ ярилцлагыг уншиж байгаа бол “Чамд ирээдүй байгаа. Амьдралаас чамд өгөх боломжийг битгий алдаарай. Битгий гутар” гэж хэлмээр байна. Түүгээрээ ч миний хүүхдээ хүмүүжүүлэх арга өөр.

-Ганц охиноо яаж хүмүүжүүлнэ гэж?
-Аравдугаар анги төгсөхөд надад нэг ч төгрөг байгаагүй. Тэгээд сургуульд оръё гэхэд төлбөрийн асуудал гэж бөөн юм болж байсан. Ээж маань ч гэсэн олон хүүхэдтэй. Сүүлд хань нь өнгөрөөд сувилагч хүний цалингаар биднийг тэжээх гээд хэцүү байсан. Тэгээд өлсөхийн зовлонг үзсэн. Ер нь хүн өлссөн үед толгой нь хурдан ажилладаг шиг байгаа юм. Тиймээс би охиноо мөнгөөр биш боловсролоор нь дэмжинэ. Тэгээд орох оронтой болгоно гэж бодож байгаа. Дэмжлэггүй хүн хөдөлмөрийнхөө хүчээр гарч ирнэ гэдэг сайхан шүү дээ. Тэгж хийж олсон юм бүхэн амттай, сайхан байдаг юм.

 

-Бариачид бариулж байгаа гэсэн. Юу болоо вэ?

-Нуруугаа бариулж байна. Өнгөрсөн зун явж чадахаа больсон. Хагалгаа хийхээс өөр ямар ч боломж алга гэсэн. Тэгээд Сингапур руу материалаа явуулаад, хагалгаанд орохоор бэлтгэж байсан юм. Яг тэр үедээ ардын уламжлалт аарцаг, нурууны бариа заслаар яваад бараг зүгээр болчихоод, кинондоо тоглоод гүйж байна. Тохирсон эмчилгээ гэдэг үр дүнтэй, сайхан юм.

Би түрүүн цаг үеэ мэдэрсэн жүжиг гэж ярьсан. Тэгвэл би ч гэсэн цаг үеэ мэдрээд, бариа засалд явснаараа засарч байгаа байхгүй юу. Хэрвээ мэдэхгүй хагалгаанд орчихсон бол яах ч байсан юм билээ.

-Юунаас болоод хагалгаанд орохдоо тулаад, хүндэрчихэв ээ?

-Аарцаг гэдэг хүний гол тулгуур, суурь байдаг юм байна. Хүн бүрийн тодорхой хэмжээний гажилттай байдаг юм байх. Олон жил гажилттай явахаар нуруундаа суулт өгөөд, нугас, мэдрэл рүүгээ орох аюултай байдаг юм байна. Ийм өвчтэй хүн Монголд асар их байна. Би өөрөө ч мэддэггүй байсан. Нуруу чилэхээр л бөөр өвдөөд байна гэж бодоод байсан чинь биш байж. Нэг талаас энэ хөдөлгөөн, биеийн тамир дутагдсаных шүү дээ.

 

-Та хэзээ хамгийн сүүлд зааланд орж, бөмбөг залж гүйсэн бол?

-За даа, сайн санахгүй байна. Хоёр жилийн өмнө фитнесст явж байснаас хойш заал энэ тэрд орж байгаагүй. Харин жүжигт тоглож байхад байнга бие халаалт хийдэг байсан. Тэр бол зааланд бөмбөг барьж гүйснээс дутахгүй шүү дээ. Жүжигт орохын өмнө заавал биеэ халааж байх ёстой юм. Тайзан дээр гараад янз бүрийн хөдөлгөөн хийж, үргэлж хөдөлж байдаг учраас заавал биеэ халааж байх хэрэгтэй болдог юм.

-Найз нөхөд гэдэг ойлголтыг та ямар өнцгөөс хардаг вэ?

-Энэ бол их чухал зүйл. Хэрвээ үнэхээр найзаа гэж бодож байгаа бол заавал мөнгөөр туслах албагүй. Зовсон цагт нь туслах хэрэгтэй. Түүнээс биш байнга надад өгдөг, би хариу барьдаг хүмүүсийг найз гэдэггүй юм. Найз гэдэг чинь сэтгэлээ уудалдаг, бүх юм нь нээлттэй, зовлонгоо ярьдаг, зовсон цагт үүдийг нь тогшиход онгойлгоод өгчихдөг байх л хэрэгтэй.

Өдөр болгон уулзаад, хүүе хаая гээд, чалчаад байхыг найз гэхгүй. Найз бол он цаг хугацааны туршид байж л байх ёстой зүйл. Миний багын, оюутан цагийн найзууд байж л байна. Бид өдөр болгон уулзаад шалчига налчига гээд байдаггүй. Хааяа нэг уулзана, утсаар ярина. Ийм л байдаг.

 

-Зарим үед сэтгэлээр унаад, согтотлоо уумаар үе гардаг. Та сэтгэлээр унасан үедээ тэр цаг хугацааг яаж давж туулдаг бол?

-Би ном уншчихдаг юм. Манай гэрт миний унших дуртай номууд байдаг. “Анна Каранина”, “Зуун жилийн ганцаардал”, Дөлгөөн дон”, Чеховын ботиуд гээд олон ном байгаа. Тэднийгээ уншаад л гомдлоо тайлна. Нэг их том номын сангүй. Одооноос ном цуглуулж эхэлж байгаа.

-Таныг ажиглаад байхад их энгийн юм аа?
-Урлагийн хүмүүсийг үзэгчид тайзан дээр байгаа шигээр нь төсөөлдөг. Гэхдээ бидэнд ч бусдын адил зовлон тулгардаг. Мөн бусдын амсдаг жаргал, зовлонг үздэг шүү дээ. Урлагийн хүмүүс гэхээр хүмүүсийн нүдэнд сайхан харагдах ёстой гэж боддог. Би ч гэсэн хүн учраас бусадтай адилхан уурлаж болно биз дээ. Намайг урлагийн хүн юм чинь үсээ сайхан янзлуулаач гэж хэлдэг юм. Би тэр бодолтой нь санал нийлдэггүй. Манай гэр Урт цагаанд байдаг. Би “Бөмбөгөр” рүү орохдоо өөрийн хүссэнээрээ хувцасладаг. Тэр талаараа урлагийнхнаас тэс ондоо бодолтой шүү.

-Сайтуудаар янз бүрийн мэдээ, материал гарах юм. Та орж уншдаг уу. Хааяа эвгүй санагдана биз?

-Эвгүйцээд байх юм байх вэ. Миний талаар нэг их сүртэй мэдээлэл гараад байдаггүй юм. Хамгийн үнэтэй жүжигчин гээд нэгт Батаа, хоёрт намайг бичсэн байсан. Амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Тэрэнд бухимдаад байх зүйл байхгүй. “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглож байхад мэдээллийн дор “Архичин Амбий, нахал Навчаа хоёр тоглосон юм чинь ямар олигтой юм болох вэ дээ” гээд биччихсэн байна билээ.

Түүнийх нь хариуг би өгсөн. Тэр бол ойлгомжтой, ойр дотны хүн л байгаа. Нэг жүжигчний сэг л тэгж бичиж таарна. Энгийн үзэгч аливаа юмыг муухайгаар бодоод, ухаад байдаггүй юм. Нэг өөдтэй жүжиглэж чаддаггүй нөхөр л тэгж бичиж байгаа. Ер нь тэгээд дайсан бол хажууд чинь л байдаг юм. Хаа байсан холоос морьтой давхиж ирээд, сэлэмдээд алчихдаггүй л байхгүй юу.

 

-Хүмүүс амьдралын янз бүрийн зүйлээс урам зориг авч, цэнэглэгддэг. Та юугаар өөрийгөө цэнэглэдэг вэ?

-Сайхан тайван, бүтэн нойртой хоночихвол өглөө дүүрэн цэнэгтэй босч ирнэ. Үр хүүхдийнхээ инээд, баяслаас цэнэг авч болж байна. Түүнээс гадна хамт олон гэдэг чинь хамгийн гоё байдаг. Би ямар ч хүмүүстэй сайхан нийцэж, хамт олон болж чаддаг гэж өөрийгөө боддог. Сая “ТВ Коктейль”-ийнхонтой хамт олон байж чадсан. Бүх оролцон тоглосон киноныхоо багтай хамт олон байж чаддаг.

Тэднээсээ үргэлж энерги авдаг. Жүжигчид гэдэг чинь ар дахь зовлонгоо мартаад, бие биеийнхээ инээд хөөрөөс энерги авдаг хүмүүс. Ер нь болж өгвөл бүх л хүнээс энерги авч чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бухимдах үе гаралгүй яахав. Замын түгжрэл, үл ойлголцох үе гарч ирнэ. Амьдрал гэдэг сайн муу холилдож оршдог мөнхийн үргэлжлэх зүйл шүү дээ.

-Гэртээ ороод, гараараа махаа татаад, сайхан шөлтэй хоол хийж идэх ч бас өөрийгөө цэнэглэх нэг арга шүү дээ. Жүжигчид тун ч завгүй, ийм зүйлээс цэнэг авах цаг нь бага юм шиг санагддаг?

-Байна аа, байна. Тийм цаг зав гаргалгүй яахав. Би өнгөрсөн наймдугаар сараас эхлээд завгүй байлаа. “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосноос хойш ар араасаа хөвөрчихлөө. Түүнээс өмнө, нэг уран бүтээл дуусаад л завсарлахад гэртээ байна, хоол ундаа хийж идээ, амраад л байж байна шүү дээ. Гэхдээ хоёр хоноод л уйдана. Яг ид ачаалалтай үед сайхан амрах юмсан, үхтлээ унтах юмсан, гэртээ байх юмсан гэж үглээд яваад байдаг мөртлөө цагаа тулахаар хоёр хоногийн дотор гэрийнхээ ажлыг гялалзуулчихаад шууд уйдана шүү дээ.

 

-“Хоёр ертөнцийн буудал” жүжгийн өгүүлэмж дээр хүн хэзээ үхэхээ мэддэггүй талаар гардаг гэж та түрүүнд ярьсан. Хэрвээ та маргааш үхэхээ мэдэх юм бол өнөөдөр юу хийх вэ?

-Би боддог, хорт хавдар туссан хүмүүс эмчлүүлэх гээд хандив гуйгаад, байр байшингаа зараад эмчлүүлэх гэж оролддог. Би тэгэхгүй гэж боддог. Яах юм бэ, нэгэнт хорт хавдар тусчихсан юм чинь, хэвтэж байгаад л өнгөрнө биз. Нэг ч мөнгө, төгрөг үрэхгүй, харин ч цуглуулж, идэвхтэй байж, үр хүүхэддээ жаахан юм үлдээчихээд өнгөрнө гэж боддог. Нэгэнт бүрэн гүйцэд эдгэхгүйгээс хойш орон гэрээ зараад, эргэн тойрныхондоо чирэгдэл учруулах хэрэггүй. Нэгэнт байдал тодорхой байвал.

-Энэ чинь хүн амьдралаа, амь насаа аварч үлдэхийн төлөөх эцэс, төгсгөлгүй тэмцлийн нэг юм биш үү?

-Тийм л байх. Тэгэхдээ надад бол тэгж санагддаггүй. Нэгэнт асуудал шийдэгдсэн, хорт хавдар нь эмчлэгдэхгүй гэвэл үлдэж байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө л тэмцэх хэрэгтэй шүү дээ. Харин хэрвээ маргааш үхэхээ яг таг мэдвэл бодож санаж байсан бүх зүйлээ гүйцэлдүүлэхийн төлөө тэмцэнэ. “100 өдөр” гэдэг кино байдаг шүү дээ. Түүнтэй адил. Юу хийж гүйцэтгэж амжаагүй байна, тэр бүхнээ л бололцоогоороо хэлэлцүүлнэ дээ.

 

-Гадаадын жүжигчид нийг­мийн хариуцлага хэрэгж­үүлээд, мөнгө төгрөгөөр туслаад явж байдаг тухай байнга мэдээлэл гардаг. Манай жүжигчдэд хүнд өгөөд, туслаад байх мөнгө гэж байхгүй нь мэдээж. Тэгэхдээ залуустай уулзаад, яриа өрнүүлээд, ухуулаад, нийгмийн хариуцлагаа үүрч баймаар санагддаг юм?

-Хийж болно оо, болно. Гэхдээ ганц жүжигчин яваад нэмэргүй шүү дээ. Биднийг нэгтгэсэн нэг холбоо, урлагийн зөвлөл ч юм уу байх ёстой. Чөлөөт уран бүтээлчид рүү огт ханддаггүй. Хаана юу болж байгааг мэддэггүй. Тэгэхээр бид яаж зохион байгуулалтад орж, хүүхэд залуусыг ухуулах юм бэ. Хаа нэг “Дэлхийн зөн” зэрэг байгууллагаас зохион байгуулдаг үйл ажиллагаандаа урьдаг болохоос биш өөрсдөө зохион байгуулж байгаа юм алга. Уг нь хоорондоо уулзаад, яриад, зохион байгуулаад явбал болно шүү дээ. Тэгэхгүй л байгаа байхгүй юу.

-Монголын үндэсний кино урлагийн академы энэ тэр гэсэн байгууллага байгуулаад, юм хийгээд байгаа юм биш үү?

-Мэдэхгүй, түүнд нь хам­рагдаагүй байгаа, би. Дөнгөж байгуулагдаад, одоо л үйл ажиллагаа нь идэвхжиж байгаа байх. Намайг урьсан урилга, нөлөөлсөн хандлага гэж байхгүй байна. Одоо л үйл ажиллагаагаа сайн идэвхжүүлэх гэж байгаа юм болов уу гэж санаад л байна шүү дээ.

 

-Та ямар нэг студи, продакшнд харьяалагдах талаар боддог уу?

-Уг нь тийм бодол бий. Хүн аятайхан санал тавиад, тохирч чадвал. Ерөнхийдөө саналын байдлаас л болно. Одоохондоо манайд орооч гэсэн санал байхгүй байна. Бусадтай нэгдэж ажиллахад надад татгалзаад, цааргалаад байх зүйл байхгүй. Харилцан тохиролцоод ажиллах юм бол хаана ч, хэний ч уран бүтээлд ажиллаж болно.

-Зөвхөн жүжигчин Б.Навчаагийн ямар дүр гаргасныг үзэх гэж театрт ирдэг хүн байдаг болж. Нэг үеэ бодвол Монголын чадварлаг жүжигчдийн нэг болчихсон. Тийм учраас ирж байгаа саналуудад шаардлага тавьдаг болсон биз дээ?

-Нэг их шалгуур тавиад байх нь ч хаашаа юм. Надад тийм ч олон киноны санал ирээд байдаггүй. Урьд өмнө нь кинондоо авсан хүмүүс, найз нөхөд, залуу уран бүтээлчид хандаж байгаа шүү дээ. Яах вэ, кино зохиолоо уншина. Би сайн уран бүтээлч биш ч гэсэн сайн, муу уран бүтээлийг ялгадаг болчихсон байгаа байхгүй юу. Тиймээс зохиолоо уншаад, “энэ чинь иймэрхүү болох гээд байна.

Тэрийг тэгээд янзалчихвал яасан юм бэ” гэдэг санаа бодлоо хүмүүстэй харамгүй хуваалцдаг. Тийм болохоор залуус эргээд надад ханддаг байх. Мэдээж санал ирэхэд зохиолоо уншина. Зохиолоо уншихгүйгээр шууд давхиж ордог хүн гэж юу байхав. Зарим тохиолдолд кино давхцахаар нэгээс татгалзах үе гарна. Би чинь энэ ажлаараа л хоолоо олж идэж байгаа. Ямар тогтсон ажилтай биш.

 

Түүнээс биш зохиолыг нь голоод, шилээд байсан юм байхгүй. Тэд чинь өөрийнхөө хэмжээнд зохиолоо бичээд ирж байгаа. Гэхдээ бичсэн зохиол, дүрсэнд буусан кино хоёр чинь өөр болно шүү дээ. Дүрсэнд буугаад гоё кино болох ч тохиолдол байна. Тиймээс цаг хугацаа нь таарч, давхцахгүй л бол нэг их голж шилээд, татгалзаад байх юм байхгүй. Үнэ мөнгөн дээр тохирохгүй, татгалзаж байсан удаа бол бүр ч байхгүй. Би их үнэтэй дуугараад, кино хийх гэж байгаа залуус хэтэрхий муу үнэлээд, тохироогүй тохиолдол миний хувьд лав гараагүй байгаа.

-Зөвхөн кинонд тоглоод, олсон орлогоороо амьдралаа залгуулна гэхээр хүрэлцэх үү?

-Урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхнө шүү дээ. Нэг удаа кинонд тоглоод авсан мөнгөө 2-3 сар зарцуулна. Үүнээс өөр яах юм. Тэгээд л дараагийн уран бүтээлдээ орно. Түүнээс гадна реклам гэж нэг их буянтай юм байна. Рекламанд тоглохоор чинь хөөрхөн хэдэн төгрөг олчихно шүү дээ.

-Сүүлийн үед рекламанд их тоглоод байгаа харагдсан. Эрэлт ихтэй байна уу?

-Их ч биш лээ, хөөрхий. “Макс”-тай гэрээтэй байгаа. Гэрээний хугацаа нь дуусах дөхөж байгаа. “Смарт”-тай бас гэрээ байгуулсан. Тэдний рекламанд бас тоглосон. Үндсэндээ гурван байгууллагатай л гэрээ байгуулаад ажиллаж байгаа юм. Харин рекламны давтамж нь олон гараад байгаа болохоор тэгж харагдаж байж болох юм.

 

-Танд ирсэн хамгийн сонирхолтой дүрийн санал юу вэ. “Арай ч дээ, чи надад ийм дүр санал болгоод байхдаа яадаг юм” гэж бухимдахаар ч юм уу?

-Тийм санал ирж байгаагүй. Элдэв дүрийн санал нэг их ирдэггүй юм. Харин сонирхол татсан дүр байгаа. Энэнд л нэг тоглочих юмсан гэж бодогдохоор. Юу гэхээр, Болд гэдэг найруулагч “Эх” гээд киноны санаа байгаа юм. Хэзээ зохиол болгож бичих юм, бүү мэд. Тэр дүр маш гоё, сонирхолтой дүр. Намайг тоглооч гэж санал болгож байгаа юм. Үндсэндээ үр хөндөлтийг үгүйсгэсэн кино хийх гэж байгаа юм билээ. Үр хөндүүлнэ гэдэг чинь бүхэл бүтэн нэг хүнийг үгүй хийж байгаа л хэрэг шүү дээ. Тэр талаас нь харуулах сайн кино болох байх гэж харж байгаа.

-Та найруулагчийн чиг­лэлээр ажиллах сонирхолтой уран бүтээлч юм байна гэж би ойлгодог. Танд би нэг тийм л кино найруулаад, бүтээгээд үлдээчих юмсан гэсэн бодол байдаг байх?

-Байгаа, байгаа. Байлгүй яахав. Хөрөнгө мөнгө шийдэгд­вэл бүтэх байх гэж бодож байна. Таван эмэгтэй, таван эрэгтэй хүний харилцааны тухай өгүүлсэн инээдмийн киноны санаа байгаа. Бүтэх байх аа. Мөн уул уурхайн тухай нэг кино хиймээр санагдаад байгаа юм. Уул уурхай хэнд хор хөнөөлтэй вэ, нөхөн сэргээлтээ яаж хийх юм. Усаа яах юм гээд том сэдэв хөндөж, хэнд хортой вэ гэдэг талаас нь хийх хүсэлтэй байгаа.

-“Би эмэгтэй хүн” кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Энэ киногоор юуг харуулахыг зорьсон юм бол?

-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг гадаад, дотооддоо ямар юм бэ гэдгийг үзүүлэхийг зорьсон. Хүн мөнгөтэй болоод ирэхээрээ залуухан, царайлаг хүүхэн сонгоод, амьдралыг босголцсон, тэгээс нь эхэлж хамт амьдарсан эхнэр хүүхдээ хаяж л байна. Ийм зүйл манай нийгэмд байгаа нь үнэн. Зарим нэг охид өөрийнхөө гоо үзэмжид аархаж, өнгө мөнгийг сонирхож байна.

 

Бүх хүн тийм биш л дээ. Гэхдээ тийм зантай, бодолтой охид олон байна. Гэтэл хүний дотоод мөн чанар, гоо сайхан гэж ямар агуу зүйл вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Эмэгтэй хүнийг зөвхөн гадна талаас нь хараад ялгаж салгадаг, энэ муухай, царай муутай гэж битгий түлхэж байгаач ээ. Тэр хүний дотор юу байгааг олж харах ёстой байхгүй юу. Бүх залуус эхнэрийнхээ дотоод ертөнцийг л хар.

Гадаад үзэмж бол сонин биш. Гадаад үзэмжийг хүн яаж ч засч болно. Тураах төвд яваад, фитнест хичээллээд турж болно. Будаг шунхаар будаад гоё болж болох арга байна. Үнэтэй, чанартай, брэндийн хувцсыг өөртөө тохируулаад өмсвөл ямар ч эмэгтэй хүн гоё харагдана биз дээ. Гэтэл хүмүүс хүний дотоод ертөнц гэдэг хамгийн чухал зүйлээ хаячихаад байна.

-Киноны постер дээр таван янзын зураг байгаа. Та кино дээр тийм олон янзын хүний дүр бүтээх юм уу, эсвэл менежмент үү?

-Энэ нэг ёсны менежмент юм. Постерийн зураг гэхээр киноныхоо үйл явдлаас авхуулаад байдаг шүү дээ. Энэ байдлыг эвдэх талаас нь хийсэн. Эмэгтэй хүн гэдэг олон төрөл. Постер дээр гоёлын даашинзтай, жаргалтай бүсгүй байхад биеэ үнэлэгч байж байх жишээтэй. Угтаа бол ялгаагүй л эмэгтэй хүн. Хүн бүрийн нөхцөл бололцоо, хийж байгаа ажил өөр боловч бүгд эмэгтэй хүн гэдэг агуулга байгаа юм.

 

Энэ киноны зохиол анхандаа “Би хамгийн сайхан эмэгтэй” гэдэг нэртэй байсан. Гэтэл “Хамгийн сайхан эмэгтэй” гэхээр нэг л өрөөсгөл санагдаад байгаа юм. Харин “Эмэгтэй хүн” гэдэг нэрийг найруулагч маань өгсөн юм. Энэ нэр надад таалагдаж байгаа. Эмэгтэй хүн гэдэг янз бүр. Сайхан, муухайгаас эхлээд л. Тэгээд ч сайхан эмэгтэй гэдэг нэг ойлголт. Эмэгтэй хүн гэдэг бол бүхэл ойлголт шүү дээ.

-Дотоод гоо сайхан гээд яриад байдаг. Залуучууд биенийхээ дотоод гоо сайханг харах ёстой. Эсвэл дотроосоо гэрэлтдэг гээд ярьдаг. Таныхаар дотоод гоо сайхан гэж юу юм бэ?

-Гэрэлтэх энэ тэр гэдэг бол авангард үг. Гэхдээ үнэхээр сайхан зан ааштай хүний гэрт ороход өөр байдаг биз дээ. Нөгөө зан сайтай айлд хүн бүр цугладаг гэдэг шиг. Яах вэ гэрэлтээд байдаг бол үлгэрийн шинжтэй үг л дээ. Дотоод мөн чанар гэдэг үндсэндээ хүний яс чанар шүү дээ. Дотоод мөн чанар сайтай хүн нээлттэй, мундаг харагддаг. Нэг үг унагахад л тэр хүний хэр хэмжээ, мөн чанар мэдэгдэж байдаг.

Гэтэл гаднаа нэг их гоёод, мөн чанаргүй хүн бол нэг үг унагахад л шууд “хар могой” гэдэг нь мэдэгдэж байдаг. Тийм учраас мөн чанар гэдэг юм чинь ил байдаг зүйл. Үүнийг танихад амархан. Хүн хүнтэйгээ харилцаж, ярилцаж, ойлголцож л байдаг хорвоо хойно. Мөн чанар, дотоод гоо сайхан гэдгийг математикийн теором шиг ойлгож болохгүй. Эсвэл томъёогоор бодож байж олдог зүйл биш. Нэг удаа суугаад ярихад л мөн чанар, дотоод гоо сайхан нь харагддаг л юм.

-Та уран сайхны кинонд сайхан эмэгтэй хүний дүрийг бүтээж, дотоод гоо сайхан гэдэг ойлголтыг хүмүүст хүргэж байгаа юм байна. Харин амьдрал дээр таны дотоод гоо сайхан хэр үзэсгэлэнтэй вэ?

-Би дотроо сайхан хүн. Би юу ч нууж хаадаггүй. Хэнд ч бодож санасанаа шууд илэрхийлж чаддаг. Ямар ч хүн байсан хамаагүй баярласан, гомдсоноо шууд хэлчихдэг. Тэр утгаараа би дотоод гоо сайхантай, мөн чанартай хүн. Надад нуугаад, дотроо буглаад яваад байдаг хүн биш. Тийм байвал хэцүү. Хүнийг уучилдаг, хүнээс уучлал, зэмлэл сонсдог байх хэрэгтэй. Хүн юмаа ярихгүй, дотроо хураагаад, буглаад явах их хэцүү.

 

Буглараа хүн гэдэг чинь хэнд ч итгэхгүй байна гэсэн үг шүү дээ. Энэ кинон дээр ч гэсэн тийм нэг буглараа хүний тухай гарах юм. Дотогшоогоо хүний дүрд тоглосон. Би өөрөө гадагшаа хүн учраас өөртэйгээ зөрчилдсөн хүний дүрд тоглоход их өрөвдмөөр санагдсан. Ингээд хэлчихэж болдоггүй юм байх даа гэж бодож байсан.

-Энэ киног үзээд хүмүүс юу ухаараад гарах бол. Та киноныхоо талаар нэг дүгнэлт, үнэлэмж хэлбэл?

-Энэ киног үзээд гарсан хүн хажуу дахь эмэгтэйгээ л харна. Энэ эмэгтэй хэн бэ гэдгийг харах байх. Хуучин мэндлээд, өнгийг нь хараад явдаг байсан бол энэ киног үзсэнээр дотогшоо өнгийж, хүнийг тогтож харна. Хүнийг тогтож харж чадвал түүнээс их зүйлийг олж харж чадна шүү дээ. Тэгэхээр хүн хүнийг таних нь хамгийн чухал байдаг гэдгийг харуулах байх.

-Ихэнх эмэгтэйчүүд хамгийн сайхан, аз жаргалтай бүсгүй байхыг хүсдэг нь мэдээж. Таны хувьд оюутан эмэгтэй байсан. Нөхөртэй болоод айл гэрийн эзэгтэй, эмэгтэй болсон. Одоо бол жүжигчин эмэгтэй байна. Энэ бүх эмэгтэйчүүд дундаас аль нь танд илүү сайхан санагддаг вэ?

-Хувь хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хувцас хунар, ажил, нүүр царай өөрчлөгдөөд байгаа хэр нь хувь хүн бол өөрчлөгдөхгүй. Хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нөгөө “баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг Б.Навчаа өөрчлөгдөнө гэж байхгүй. Үнэхээр амьдралдаа аймаар алдаад, гүн хямралд ороод, гудамжны архинчин болохгүй л бол Б.Навчаа байж л байна.

Би гэхэд, социализмын үеийн үлдэгдэл учраас аливаа зүйлд айдастай ханддаг. Одооны залуус юунаас ч айхаа больчихсон. Гэтэл бид ахмадыг хүндэлнэ, товлосон цагаасаа хоцрохгүй байхыг хичээнэ, нэг алдчихаад дахиад давтахгүй байхыг бодно. Ийм үзэл санаатай социлизмын үеийн үлдэгдлүүлд байгаад байна. Энэ зан ааш одоо ч хэвээрээ.

 

Харин миний амьдралдаа бүтээж байгаа дүрүүдээс хамгийн гоё нь оюутан Б.Навчаа л байна. Залуу, эрэмгий байж. Тухайн үед багш нар бидний хориглоод, юунд ч тоглуулдаггүй байсан. Хэрвээ одооных шиг байсан бол арай өөр л болох байсан байх. Манай ангид гоё залуучууд байсан. Тэр ангиас олон алдартан, олны танил хүмүүс төрсөн. Сайн явж байгаа. Энэ бол сайн багш нарын нөлөө гэж би боддог юм.

-Ингээд харж байхад нэг ангид төгссөн хүмүүсээс мундаг жүжигчид гарч ирж байхад хамт суралцаж байсан найзууд нь ядуувтар амьдарч байдаг. Тусалж барьж байгаа юм уу, үгүй ч юм уу. Таны хувьд хамт төгссөн ангийнхаа найзуудтайгаа хэр ойр дотно байдаг вэ?

-Яах вэ, гайгүй. Холбоотой байдаг. Зарим нь урлагийн тогоонд эзлэх байр суурьтай болчихож. Нэг их цойлоод, дүүлээд байгаа юм байхгүй. Гэтэл зарим нь яагаад ядуувтар амьдраад, мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна вэ гэхээр тэд жүжигчин болох хувь заяагүй л хүн байхгүй юу. Би тэрийг мянга чирээд яах юм. Яах вэ, би ангийнхаа хүүхдүүдээс зарим уран бүтээлдээ оролцуулдаг.

Тэгэх­дээ, Б.Навчаагийн тогло­сон кино болгонд тэр хүн байж байвал тэнэг биз дээ. Би хэдэн удаа тэр хүнийг татаж орууллаа, болоо шүү дээ. Дөрөв дэх удаа бол өөр найруулагч хараад, түүнийг кинондоо авах ёстой биз дээ. Хэрвээ өөр найруулагч хараад авахгүй байгаа бол түүний жүжиглэх уран чадвар бусдад үнэлэгдэхгүй байгаагийн л шинж.

“Хэцүү анги” гэдэг киног би өөрөө найруулсан учраас ангийнхаа дотно гэсэн найзуудыг авч тоглуулсан. Яагаад гэвэл боломжтой үедээ татаж оруулдаг. Харин өөр найруулагчийн хийж байгаа кинонд татаж оруулна гэдэг хэцүү. Санал болгоно, тэр найруулагч сонговол тэр л биз. Үгүй бол тэгээд гүйцээ.

 

Эх сурвалж: “Монголын Мэдээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!