Зөвлөгөө

ГЭР БҮЛ СУДЛААЧ Т.Бямбатогтох: Эхнэрээ хайрласан гэр бүл дулаахан, эрүүл дүр зурагтай байдаг

“Хайрын төсөл” радио нэвтрүүлгээрээ олонд танигдсан гэр бүл судлаач Т.Бямбатогтохтой ярилцлаа. Тэрбээр гэр бүл, сэтгэл судлалын чиглэлээр зөвлөгөө өгдөг “Хайрын дархлаа” төрийн бус байгууллагыг удирдаж ажилладаг юм.

Гэр бүлд эхнэр нөхрийн харилцаа, эзлэх байр суурь гэж нэг чухал асуудал бий. Сүүлийн үед эхнэрүүд нөхрөөсөө хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэдэг болсон байх жишээтэй. Танай “Хайрын төсөл” нэвтрүүлэг энэ асуудлыг мөн ч олон ярьсан даа?

Би өөрөө хэдий залуу хүн ч гэлээ хуучинсаг үзэл, хандлагатай хүн байгаан. Гэхдээ энэ нь эмэгтэй хүн ерөөсөө л гэрийн зүүн хаяанд байдаг тогооны хүн гэдэг утгаараа биш шүү. Бид нар аливаад авах гээхийн ухаанаар хандах шаардлагатай ийм цаг үед амьдарч байна. Бид нар хуучин уламжлалаасаа гадна даяарчлагдаж, хавтгайчлагдаж байгаа дэлхий ертөнцөд амьдарч байгаа хүмүүс. Гаднын тэр соёл хаалга тогшоод зогсохгүй бүр ороод ирчихлээ. Гэлээ ч гэсэн монгол уламжлалд арга билэг гэдэг нэг юм яригддаг. Барууны соёлд бол хайр, хүндлэл гэж яригддаг.

Барууны соёл дахь гэр бүл, эр эмийн харилцааг товчхон тодорхойлвол эхнэрээ хайрла, нөхрөө хүндэл гэсэн хоёр үгэн дээр тогтож байдаг. Манайх бол арга билэг гэсэн гүн утга санаа, гүн философи агуулагдаж байх жишээтэй. Би хувьдаа хэтэрхий эрчүүдийн эрхийг дээдэлсэн ч юм уу, аль нэг хүйсийг илүүд авч үзсэн үзэл санааг хэзээ ч дэмжихгүй. Гэлээ гэхдээ гэр бүлд дэс дараа, аливаа шийдвэрт эцсийн шийдлийг гаргах эрх байх ёстой гэж үздэг. Энэ бүхэн ардчиллын зарчмаар биш, дэс дарааны эрэмбээр шийдэгдэх ёстой. Гэхдээ энэ нь би эр, би өрхийн тэргүүн гээд бүх асуудлыг урдуур орж шийдээд байна гэсэн үг биш.

Энд нөгөө өрнө дорнын интеграцчилал байх ёстой. Би энэ хүнд хайртай л юм бол тухайн асуудал дээр хайртай хүнийхээ санал бодлыг сонсох ёстой гэх мэт. Тэгэхээр аргаа олох, өөрөөр хэлбэл балансыг барих л хэрэгтэй байгаан. Амьдрал дээр заавал эр нь ажлаа хийнэ, эм нь хүүхдээ хараад гэртээ сууна гэдэг хуурай хуулийг баримтлаад суугаад байж болохгүй шүү дээ. Болж өгвөл хоёулаа эрвийх дэрвийхээрээ ажиллаад ахуй амьдралаа босго. Энд хэн нь илүү олж байна, хэн нь бага олж байна гэдэг чухал биш байхгүй юу. Учир нь та хоёр гэр бүл учраас хэн хэн нь олж байгаадаа баяртай байх хэрэгтэй. Магадгүй эхнэр нөхрөөсөө хоёр, гурав дахин их цалинтай байж ч болно . Гэхдээ захирах захирагдах ёс, хайрлах хүндлэх ёс байж л тухайн гэр бүлээс эрүүл саруул дүр зураг харагдах учиртай

 

Та өөрөө дөрвөн хүүхдийн эцэг хүн. Олонд танигдсан гэр бүл судлаач залуу өөрөө хүүхдүүдээ ямар арга барилаар яаж хүмүүжүүлдгийг хүмүүс сонирхож байгаа байх?

Би зүгээр өсч яваа жирийн нэг судлаач. Энэ салбар өөрөө надтай адилхан өсч яваа салбар. Сайн мууг нь миний сонсогчид, зөвлөгөө авсан хүмүүс, уншигчид хэлэх биз. Нэг мундаг сурган хүмүүжүүлэгч хүний хэлсэн үг байдаг юм. “Хүүхэдгүй байх үедээ би хүүхэд хүмүүжлийн долоон аргатай байлаа. Долоон хүүхэдтэй болсоон. Долоон хүүхэдтэй болсны эцэст би хүүхэд хүмүүжлийн нэг ч аргагүй хоцорлоо” гэж. Би дөрвөн хүүхэдтэй. Энэ салбарт арав гаруй жил явж байгаа хүн. Тэгсэн мөртлөө хөлгүй нуур луу шидэгдчихсэн юм шиг үе олон тохиолддог. Хүүхэд нас насандаа нэг өөр байна.

Хүүхэд болгоны хувь чанар нэг өөр. Дээр нь хүйсийн ялгаа байна. Хөгжил дэвшлээ дагаад гарч ирж байгаа бэрхшээлүүд, насны хямрал байна. Жишээ нь хоёр насны хямрал гэж байх жишээтэй. Хоёр настай гурван хүүхэдтэй байхад тэр гурван хүүхэд гурвуулаа өөр өөрөөр хоёр насны хямралыг туулж байх жишээтэй. Нэг нь муугаар хэлэхэд бага зэрэг түрэмгий, сайнаар яривал манлайлагч болж байхад нөгөө нь муугаар яривал ноомой дорой, сайнаар хэлвэл даруу төлөв болж байх жишээтэй. Энэ дунд би сайн муугийн балансыг зөв барих хэрэгтэй болж байгаа юм.

 

Тэр ноомой дорой хүүхдийг өөртөө итгэлтэй болгох тал дээр нь анхаарч байхад нөгөө түрэмгий нөхрийг хүлээцтэй байхыг, бусадтай хуваалцаж сурахыг заах хэрэгтэй болох жишээтэй. Өөрөөр хэлвэл би одоо ч хүүхэд хүмүүжил дээр суралцсаар л байна. Би хэзээ ч энэ дээр зогсохгүй, суралцсаар байх нь ойлгомжтой. Би ийм л алдаа гаргахгүй шүү гэж бодсон хэрнээ яг бусад эцэг эхчүүдийн адил уурладаг, чанга дуугардаг үе байдаг. Энэ алдаа маань намайг бүрэн төгс биш, эсрэгээрээ ямар их дутагдалтай хүн бэ гэдгийг сануулж, үүндээ би өөрөө ичиж, хүүхдүүдтэйгээ улам л болгоомжтой харилцахыг надад сургадаг гэх үү дээ.

Энэ бол ганц надад биш, үр хүүхэддээ хайртай бүх эцэг эхчүүдэд тохиолддог гэж би ойлгодог. Надад өөр арга байхгүй. Би бүх аргуудыг хэрэглэж, бүх сайн зүйлүүдийг хүүхэд хүмүүжлийн тал дээр өөртөө нааж авч үлдэнэ гэж бодож байгаа. Гэхдээ эцсийн эцэст нэг л зүйлийг би маш сайн мэдэж байгаа. Энэ бол хүүхдийг хайрлаж, энэрэхийг л дээдлэх ёстой. Хайрлаж энэрэхийн цаана нөгөө тэвчих, өгөөмөр байх, ойлгож хуваалцах гэдэг асуудлууд гарч ирнэ шүү дээ.
Эх сурвалж: tusgal.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Хуулах хориотой !!