Нийгэм

“Асуудлын гол нь хөшөө барих төсөв, төсөл гаргаж байгаадаа болохоос Богд Зонхабад үгүй”

“Бодь мөрийн зэрэг”, “Тарнийн мөрийн зэрэг” судрыг айлдсан Богд Зонхоба хөшөөт цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан нь сүүлийн өдрүүдэд нийгэмд маргаан дагуулсан асуудал болоод буй билээ.

Тэгвэл Зава Дамдин ринбүчи дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Гагц хөшөөнөөс болж гайхамшигт Богд Зонхаба түүнийг гутаан сурталчлах нь буруу. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг хүрэлцээгүй, иргэдийн амьдралын амьжиргаа муу байхад хөшөө босгох нь түүнээс ч илүү буруу.

Хэрэв өглөгийн эзэд босгож байгаа бол буруутгах хэрэггүй, харин ч дэмжмээр.

Харин улсын төсвөөс барих гэж байгаа бол түүнээс илүү цагаа олоогүй буруу зүйл байхгүй.

Гэвч энэхүү буруу шийдвэрийг дагаад Ялгуусан Богд Зонхабыг гутааж өөрсдийн дураар хэмжээлшгүй их хилэнц үйлдэж байгаа маш олон хүмүүс амны зоргоор ярьж, бичиж байна. Асуудлын гол нь хөшөө барих төсөв, төсөл гаргаж байгаадаа болохоос Богд Зонхабад үгүй гэдгийг ойлгож байгаа хүн олон байгаа боловч ойлгохгүй байгаа тэдгээр хүмүүс ичгүүртэй болоод хөөрхий. Ийм шийдвэр гаргаж санаатай мэт ард олноо талцуулж, төөрөгдүүлж байгаа төр засгийн сайд дарга нар бас ичгүүртэй болоод хөөрхий.

Богд Зонхабын зүрхэн сургааль Бодь Мөрийн зэргийн гол санаа бол Буддын номд суралцагч төрөлхийтэн бүр сэтгэлдээ бодь мөрийн хөдөлшгүй гэрэлт хөшөө босгохуйг л чухалчлан айлдсанаас бус гадаад шүтээн илүү чухал хэмээсэн номлол сургааль үзэл санаа үгүй.

Бурхан Будда, эс бөгөөс Богд Зонхаба бээр энэ цагт биеэр морилсон ч бидний хөшөөг босго, аль эсвэл босгож байгаад талархаж байна хэмээн айлдахгүй. Оюуны хоосрол, мунхаглал тэргүүтэй нисваанисын хорт сэтгэлээ ариусгаж, оюун санааны гэгээрлийг чухалчил, амьтны тусын тулд энэ төсөв мөнгөө ард олондоо зориул хэмээн айлдах нь лавтай.

“Гадаад хөшөө дурсгалаас илүү
Дотоод сэтгэлийн хөшөө дурсгал чухал”

Товчдоо бол ийн айлдах байсан. Мөхөс миний Өвгөн Богд жанч халахаасаа өмнө айлдаж байсан нь”Гадаад шүтээн байгуулахаас илүү дотоод сүм суварга чухал. Миний хойноос хөшөө, суварга барих хэрэггүй. Тэрний оронд хэдэн шавь нартаа дулаан сууц барь. Аливаа үйл хийхэд хүнээ нэгдүгээрт тавь. Ирээдүйд өөрсдийгөө яаж хөгжүүлэн явах чинь та нарын гарт. Номын уламжлалаа сайтар авч яв” хэмээн гэрээслэн захиж байсан. Буддын гэгээнтэн багш нар ийм л байдаг.

Харин тэдэнд зориулж хөшөө дурсгал, сүм суварга байгуулах нь шавь нарын сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асуудал. Сүм суварга, хөшөө дурсгал, нандин шүтээний ач тус маш олон буй. Бүтээж босгох цаг нь ирэхээр зөв сэтгэл, зөв шүтэн барилдлагаар сэтгэлчлэн сүндэрлэн бүтдэг. Бас хөшөөний жижиг томоос хүчин зүйл нь үл хамаарна. Хумсны толион чинээ хөшөөг ч гайхамшигтай босгосон түүх олон буй” гэжээ.

Эх сурвалж: zindaa.mn

Холбоотой мэдээллүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!