Д.Энхтүвшин:Хөрөнгө оруулсан шаркууддаа ноогдол ашиг тарааж, өөрт ноогдох ашгаасаа хүүдээ байр авч өгсөн гэсэн

“Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “Шарк танк” нэвтрүүлгийн өнгөрсөн улирлын шүүгч, дасгалжуулагч болох ШАРК Д.Энхтүвшин маань MCS Group дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихаас гадна. Монголын Е-спортын холбооны ТУЗ-н гишүүн юм байна. Мөн оюуныг дээдэлсэн өөр хоёр гурван байгууллагын зөвлөхөөр давхар ажиллдаг аж.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийн хөрөнгө оруулалт хийн амжилттай яваа гэр бүлийн хоёр гишүүн болох Балсанжав Батбилэгт хандан ийнхүү бичжээ.
“Өнгөрсөн Шарк танк нэвтрүүлгийн хамгийн амжилттай хөрөнгө оруулалт маань Тохилог сууц төсөл байсан. 1 байшин барьдаг байсан бол одоо бүтэн гудамжны хэмжээний төсөл хийдэг болсон. Хөрөнгө оруулсан шаркууддаа ноогдол ашиг тарааж, өөрт ноогдох ашгаасаа хүүдээ байр авч өгсөн гэсэн. Энэ нэвтрүүлэг манай 2-ын амьдралд олон том өөрчлөлтүүд авчирсан. Өмнө нь зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнээс байр авахад билэггүй гэж байсан тул бараг нуугдаж шахуу байраа зардаг байсан бол одоо хөдөлмөрч хүнээс гал голомтны түлхүүрээ авахыг билэгшээдэг болсон. Хөдөлмөрч хүнд боломжийн хаалга үргэлж нээгддэг санагддаг. Улам өндөр амжилт хүсье” хэмээжээ.
Д.Энхтүвшингийн хувьд Дорнод аймагт төрж өссөн, МУИС-ийг төгссөн ба1997 онд MCS компанид ажилд орж, 10 жилийн дараа гэхэд америк долларын саятан болсон гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Анх М Си Эс -т ажилд орохдоо хонхны баярынхаа хослолыг ч авч өмсөх мөнгөгүй байсан. Хэдий тийм ч ажиллаж эхэлж байхдаа би их мөнгө олох тухай бодож биш урдах ажлаа хэрхэн сайн хийхэд л бүхнээ зориулж байсан. Цөөнгүй өөрчлөлт шинэчлэлтийг ч компанидаа хийсэн байдаг. Үүнийг маань Оджаргал захирал үнэлж, компанийнхаа хувьцаанаас эзэмшүүлсэн.
Энэ нь МСS-ийн өсөлт, томролттой холбоотойгоор богино хугацаанд сая доллараар үнэлэгдсэн хэрэг. Зарим компани хэр таарсан цалингаар хүмүүсээ ажиллуулаад явах сонирхолтой байдаг ч надад тийм зүйл тохиолдоогүй нь нэг талаасаа их аз байх” гэжээ.
Дорнодоос ирсэн оюутан, дөрвөн дүүтэй айлын том болохоор зах дээр мантуун бууз зарж явсан залуу MCS-д 23 жил ажиллаж, насны зөрүүтэй ч Ж.Оджаргал захиралтай 23 жил нөхөрлөж байгаа нэгэн. “Шарк” Энхтүвшингийн нагац эгч нь Топ модель Э.Одгэрэл. Эхнэр нь мисс Ц.Нямцэцэг. “Шарк” Энхтүвшин олны нийтийн дунд нэр хүндтэй, хамгийн нэр цэвэр бизнесмэний нэг гэж болно.