Б.Навчаа: Ишш чааваас даа надаас салсандаа, тэжээгчээ алдсандаа хорсохдоо худлаа ярилцага өгсөн байна

Жүжигчин Б.Навчаад экс нөхөр нь гар хүрдэг байсан болохоор салсан гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй өөрөө “зүгээргүй байсан” гэх агуулгатай ярилцлагыг экс нөхөр Ж.Угтахбаяр өгсөн нь олны анхаарлыг багагүй татсан юм.
Тэгвэл энэ талаар жүжигчин Б.Навчаа: Фактньюс болон түүнээс хуулж авсан сайтуудад хандаж хэлэх үг байна. Би мөрөөрөө амьдарч яваа хэнд ч гай болоогүй, хэн нэгний амьдралыг үрээгүй. Салж сарнисан хүмүүсийн амьдрал уншигчдад юу нь сонин байнаа. Би хэзээ ч сайтуудад өөрөө очиж өнгөрсөн амьдралаа яриагүй. Гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хэмжээгээр амсаж байсан гэж хэлж байсан. Ишш чааваас даа надаас салсандаа, тэжээгчээ алдсандаа хорсохдоо худлаа ярилцага өгснийг нийтэлсэн байна. Уг нь энэ хэрүүлтэй, нулимстай хамт өнгөрүүлсэн хар бараан амьдралыг би цэглэх гэж, мартах гэж хичээж яваа юм шүү. Сэтгүүлчид минь хэн дуртай нь ярилцлага өгөх гээд өшөө авах гээд байгаа юм уу, хорлох гээд ч байгаа юманд ул суурьтай хандаж үзээд нийтэлж байвал зүгээр юм шиг санагдлаа. Сайтаас мэдээлэл авдаг маш олон уншигч байдаг тул та бүхний үзэгний үзүүр мэргэн байх болтугай. Амжилт хүсье” хэмээн бичжээ.
-Тантай уулзах гэж нэлээд юм боллоо. Их завгүй байгаа бололтой. Ер нь таны нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
-Зав чөлөө их муутай байдаг даа. Өглөө босоод хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө. Өөрөө бариа засалдаа явна. Дараа нь дүүгийнхээ хүүхдийг бариа засалд явуулна. Дундуур нь зураг авалт, энэ тэр гээд явж байгаад, орой хүүхдээ авна. Ингэсгээд өдөр дуусдаг юм.
-Ойрдоо уран бүтээлийн ажил ихтэй байгаа учраас бүр ч их завгүй байгаа бололтой?
-Харин тийм ээ, “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглолоо. Араас нь “Би эмэгтэй хүн” кинонд тоглосон. Одоо бас нэг кинонд тоглож байгаа. Удахгүй дуусах байх. Энэ мэтээр уран бүтээлийн ажил ихтэй, зав муутай л давхиад байна даа.
-“Хоёр ертөнцийн буудал” жүжигт Б.Навчаа гэдэг жүжигчнийг эвдсэн юм шиг санагдсан?
-Жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн л бол ямар ч дүрд тоглох ёстой шүү дээ. Найруулагч нар л ийм дүрд тоглуулъя гэж санал болгодог болохоос биш жүжигчид тийм дүрд тоглож чадахгүй, ийм дүрд чадна гэсэн ойлголт байхгүй. Ховор байх. Янз бүрийн дүрд л тоглож байх ёстой. Мэдээж жүжиг, тэр дундаа сонгодог урлагт бол дүрийн бүтээлт гэдэг зүйлийг хийх хэрэгтэй болно.
Жүжиг кино шиг биш. Зохиол нь урьдчилаад ирчихсэн байдаг. Уншлага явагдана, дараа нь дүр дээрээ ажиллана гээд сар гаруйн хугацаанд бий болж байгаа үйл явц учраас дүр гарч ирнэ. Тийм хугацаанд бэлтгэхээр дүр бүтээх боломжтой болно. Кинонд бол мөнгө нь бүтлээ, маргааш нь кинондоо тогло гээд л явчихдаг. Юун бэлтгэх хугацаа манатай. Тэр утгаараа хүмүүст хүрч, өөр болсон юм шиг санагдсан байх.
-Эхнээсээ таны тоглосон дүрүүд өвөрмөц байсан. Хурц ааштай эмэгтэйчүүдийн дүрд тоглож байсан. Тийм болохоор сонгодог жүжигт тоглоход бага зэрэг эмээх зүйл байсан уу. Үзэгчид яаж хүлээж авах бол гээд л?
-Надад уу, үгүй шүү. Ямар ч эмээх зүйл байгаагүй. Яасан гэж эмээх юм, би яахаараа тийм юмнаас айна гэж. Тийм юм байхгүй. Жүжигчин хүн ямар ч дүрд тоглож чаддаг байх хэрэгтэй. Өөрт таарсан, тохирсон дүрээ ямар ч тохиолдолд гаргаж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж фактур нь таарч байх ёстой. Би мэдээж Жульеттад тоглоно гэж байхгүй шүү дээ.
Түүнээс биш сонгодог, инээдэм, ямар ч төрлийн жүжигт тоглож чаддаг байх нь жүжигчний ажил. Би ийм зүйлээс хэзээ ч эмээж байгаагүй. Ерөөсөө цаг үеэ олсон уран бүтээл сайн байдаг. “Хоёр ертөнцийн буудал”-ыг цаг үеэ олсон жүжиг. Энэ бол мөнхийн сэдэв. Хүн үхнэ гэдгээ мэддэг. Гэхдээ хэзээ вэ гэдгээ хэн ч мэддэггүй. Мөн тэр богинохон хугацаанд яаж амьдрах вэ гэдгээ ч мэддэггүй. Амь нас гэдэг хүнд өгсөн хамгийн том бэлэг байхад түүнийг хүмүүс яагаад хайрлахгүй байна. Зарим хүмүүс нь ямар учраас буруу үйл хийгээд яваад байна вэ гэдгийг харуулсан учир цаг үеэ мэдэрсэн, сайн жүжиг.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Охинтойгоо хоёулаа амьдардаг. Өмнө нь хань ижилтэй байсан. Намайг нийгмээс тусгаарлаж, бусадтай уулзуулахгүй, уран бүтээл хийлгэхгүй байсан хүнийг би ойлгож чадаагүй. Амьдрал итгэл дээр тогтдог. Би чамд хайртай болохоор хардаад байгаа гэж тайлбарладгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Хайр, хар гэдэг өөр ойлголт шүү дээ. Хайрыг өмч хэлбэрээр ойлгож болохгүй. Хайр бол өмч биш. Хайр бол түгээмэл. Хэрвээ гэр бүл болохоор шийдсэн бол хань, итгэлцэл гэдэг үгийг ойлгох хэрэгтэй.
-Таныг айлын том хүүхэд гэж сонссон. Ер нь эцэг эхээсээ хэдүүлээ вэ?
-Аав, ээж хоёр маань хоёулаа байдаг. Гэхдээ намайг бага байхад салсан. Ээж маань өөр хүнтэй суугаад би гурван дүүтэй болсон. Аав маань ээжээс салснаас хойш хүнтэй суугаагүй. Яагаад гэвэл тухайн үедээ архи уудаг байсан юм. Одоо бол аав маань нэг дусал ч архи амсдаггүй. Ер нь би амьдралын эрээн барааныг туулсан. Хойд эцгийн царай харж, дүү нараа харах гээд амаргүй байсан даа. Тэгээд дагавар хүүхэд гэдэг утгаараа ажлыг бол хийдэг байлаа шүү дээ. Гэхдээ тэглээ гээд би шантраагүй. Тэгэхээр магадгүй миний багын амьдралыг туулсан хүүхэд энэ ярилцлагыг уншиж байгаа бол “Чамд ирээдүй байгаа. Амьдралаас чамд өгөх боломжийг битгий алдаарай. Битгий гутар” гэж хэлмээр байна. Түүгээрээ ч миний хүүхдээ хүмүүжүүлэх арга өөр.
-Ганц охиноо яаж хүмүүжүүлнэ гэж?
-Аравдугаар анги төгсөхөд надад нэг ч төгрөг байгаагүй. Тэгээд сургуульд оръё гэхэд төлбөрийн асуудал гэж бөөн юм болж байсан. Ээж маань ч гэсэн олон хүүхэдтэй. Сүүлд хань нь өнгөрөөд сувилагч хүний цалингаар биднийг тэжээх гээд хэцүү байсан. Тэгээд өлсөхийн зовлонг үзсэн. Ер нь хүн өлссөн үед толгой нь хурдан ажилладаг шиг байгаа юм. Тиймээс би охиноо мөнгөөр биш боловсролоор нь дэмжинэ. Тэгээд орох оронтой болгоно гэж бодож байгаа. Дэмжлэггүй хүн хөдөлмөрийнхөө хүчээр гарч ирнэ гэдэг сайхан шүү дээ. Тэгж хийж олсон юм бүхэн амттай, сайхан байдаг юм.
-Бариачид бариулж байгаа гэсэн. Юу болоо вэ?
-Нуруугаа бариулж байна. Өнгөрсөн зун явж чадахаа больсон. Хагалгаа хийхээс өөр ямар ч боломж алга гэсэн. Тэгээд Сингапур руу материалаа явуулаад, хагалгаанд орохоор бэлтгэж байсан юм. Яг тэр үедээ ардын уламжлалт аарцаг, нурууны бариа заслаар яваад бараг зүгээр болчихоод, кинондоо тоглоод гүйж байна. Тохирсон эмчилгээ гэдэг үр дүнтэй, сайхан юм.
Би түрүүн цаг үеэ мэдэрсэн жүжиг гэж ярьсан. Тэгвэл би ч гэсэн цаг үеэ мэдрээд, бариа засалд явснаараа засарч байгаа байхгүй юу. Хэрвээ мэдэхгүй хагалгаанд орчихсон бол яах ч байсан юм билээ.
-Юунаас болоод хагалгаанд орохдоо тулаад, хүндэрчихэв ээ?
-Аарцаг гэдэг хүний гол тулгуур, суурь байдаг юм байна. Хүн бүрийн тодорхой хэмжээний гажилттай байдаг юм байх. Олон жил гажилттай явахаар нуруундаа суулт өгөөд, нугас, мэдрэл рүүгээ орох аюултай байдаг юм байна. Ийм өвчтэй хүн Монголд асар их байна. Би өөрөө ч мэддэггүй байсан. Нуруу чилэхээр л бөөр өвдөөд байна гэж бодоод байсан чинь биш байж. Нэг талаас энэ хөдөлгөөн, биеийн тамир дутагдсаных шүү дээ.
-Та хэзээ хамгийн сүүлд зааланд орж, бөмбөг залж гүйсэн бол?
-За даа, сайн санахгүй байна. Хоёр жилийн өмнө фитнесст явж байснаас хойш заал энэ тэрд орж байгаагүй. Харин жүжигт тоглож байхад байнга бие халаалт хийдэг байсан. Тэр бол зааланд бөмбөг барьж гүйснээс дутахгүй шүү дээ. Жүжигт орохын өмнө заавал биеэ халааж байх ёстой юм. Тайзан дээр гараад янз бүрийн хөдөлгөөн хийж, үргэлж хөдөлж байдаг учраас заавал биеэ халааж байх хэрэгтэй болдог юм.
-Найз нөхөд гэдэг ойлголтыг та ямар өнцгөөс хардаг вэ?
-Энэ бол их чухал зүйл. Хэрвээ үнэхээр найзаа гэж бодож байгаа бол заавал мөнгөөр туслах албагүй. Зовсон цагт нь туслах хэрэгтэй. Түүнээс биш байнга надад өгдөг, би хариу барьдаг хүмүүсийг найз гэдэггүй юм. Найз гэдэг чинь сэтгэлээ уудалдаг, бүх юм нь нээлттэй, зовлонгоо ярьдаг, зовсон цагт үүдийг нь тогшиход онгойлгоод өгчихдөг байх л хэрэгтэй.
Өдөр болгон уулзаад, хүүе хаая гээд, чалчаад байхыг найз гэхгүй. Найз бол он цаг хугацааны туршид байж л байх ёстой зүйл. Миний багын, оюутан цагийн найзууд байж л байна. Бид өдөр болгон уулзаад шалчига налчига гээд байдаггүй. Хааяа нэг уулзана, утсаар ярина. Ийм л байдаг.
-Зарим үед сэтгэлээр унаад, согтотлоо уумаар үе гардаг. Та сэтгэлээр унасан үедээ тэр цаг хугацааг яаж давж туулдаг бол?
-Би ном уншчихдаг юм. Манай гэрт миний унших дуртай номууд байдаг. “Анна Каранина”, “Зуун жилийн ганцаардал”, Дөлгөөн дон”, Чеховын ботиуд гээд олон ном байгаа. Тэднийгээ уншаад л гомдлоо тайлна. Нэг их том номын сангүй. Одооноос ном цуглуулж эхэлж байгаа.
-Таныг ажиглаад байхад их энгийн юм аа?
-Урлагийн хүмүүсийг үзэгчид тайзан дээр байгаа шигээр нь төсөөлдөг. Гэхдээ бидэнд ч бусдын адил зовлон тулгардаг. Мөн бусдын амсдаг жаргал, зовлонг үздэг шүү дээ. Урлагийн хүмүүс гэхээр хүмүүсийн нүдэнд сайхан харагдах ёстой гэж боддог. Би ч гэсэн хүн учраас бусадтай адилхан уурлаж болно биз дээ. Намайг урлагийн хүн юм чинь үсээ сайхан янзлуулаач гэж хэлдэг юм. Би тэр бодолтой нь санал нийлдэггүй. Манай гэр Урт цагаанд байдаг. Би “Бөмбөгөр” рүү орохдоо өөрийн хүссэнээрээ хувцасладаг. Тэр талаараа урлагийнхнаас тэс ондоо бодолтой шүү.
-Сайтуудаар янз бүрийн мэдээ, материал гарах юм. Та орж уншдаг уу. Хааяа эвгүй санагдана биз?
-Эвгүйцээд байх юм байх вэ. Миний талаар нэг их сүртэй мэдээлэл гараад байдаггүй юм. Хамгийн үнэтэй жүжигчин гээд нэгт Батаа, хоёрт намайг бичсэн байсан. Амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Тэрэнд бухимдаад байх зүйл байхгүй. “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглож байхад мэдээллийн дор “Архичин Амбий, нахал Навчаа хоёр тоглосон юм чинь ямар олигтой юм болох вэ дээ” гээд биччихсэн байна билээ.
Түүнийх нь хариуг би өгсөн. Тэр бол ойлгомжтой, ойр дотны хүн л байгаа. Нэг жүжигчний сэг л тэгж бичиж таарна. Энгийн үзэгч аливаа юмыг муухайгаар бодоод, ухаад байдаггүй юм. Нэг өөдтэй жүжиглэж чаддаггүй нөхөр л тэгж бичиж байгаа. Ер нь тэгээд дайсан бол хажууд чинь л байдаг юм. Хаа байсан холоос морьтой давхиж ирээд, сэлэмдээд алчихдаггүй л байхгүй юу.
-Хүмүүс амьдралын янз бүрийн зүйлээс урам зориг авч, цэнэглэгддэг. Та юугаар өөрийгөө цэнэглэдэг вэ?
-Сайхан тайван, бүтэн нойртой хоночихвол өглөө дүүрэн цэнэгтэй босч ирнэ. Үр хүүхдийнхээ инээд, баяслаас цэнэг авч болж байна. Түүнээс гадна хамт олон гэдэг чинь хамгийн гоё байдаг. Би ямар ч хүмүүстэй сайхан нийцэж, хамт олон болж чаддаг гэж өөрийгөө боддог. Сая “ТВ Коктейль”-ийнхонтой хамт олон байж чадсан. Бүх оролцон тоглосон киноныхоо багтай хамт олон байж чаддаг.
Тэднээсээ үргэлж энерги авдаг. Жүжигчид гэдэг чинь ар дахь зовлонгоо мартаад, бие биеийнхээ инээд хөөрөөс энерги авдаг хүмүүс. Ер нь болж өгвөл бүх л хүнээс энерги авч чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бухимдах үе гаралгүй яахав. Замын түгжрэл, үл ойлголцох үе гарч ирнэ. Амьдрал гэдэг сайн муу холилдож оршдог мөнхийн үргэлжлэх зүйл шүү дээ.
-Гэртээ ороод, гараараа махаа татаад, сайхан шөлтэй хоол хийж идэх ч бас өөрийгөө цэнэглэх нэг арга шүү дээ. Жүжигчид тун ч завгүй, ийм зүйлээс цэнэг авах цаг нь бага юм шиг санагддаг?
-Байна аа, байна. Тийм цаг зав гаргалгүй яахав. Би өнгөрсөн наймдугаар сараас эхлээд завгүй байлаа. “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосноос хойш ар араасаа хөвөрчихлөө. Түүнээс өмнө, нэг уран бүтээл дуусаад л завсарлахад гэртээ байна, хоол ундаа хийж идээ, амраад л байж байна шүү дээ. Гэхдээ хоёр хоноод л уйдана. Яг ид ачаалалтай үед сайхан амрах юмсан, үхтлээ унтах юмсан, гэртээ байх юмсан гэж үглээд яваад байдаг мөртлөө цагаа тулахаар хоёр хоногийн дотор гэрийнхээ ажлыг гялалзуулчихаад шууд уйдана шүү дээ.
-“Хоёр ертөнцийн буудал” жүжгийн өгүүлэмж дээр хүн хэзээ үхэхээ мэддэггүй талаар гардаг гэж та түрүүнд ярьсан. Хэрвээ та маргааш үхэхээ мэдэх юм бол өнөөдөр юу хийх вэ?
-Би боддог, хорт хавдар туссан хүмүүс эмчлүүлэх гээд хандив гуйгаад, байр байшингаа зараад эмчлүүлэх гэж оролддог. Би тэгэхгүй гэж боддог. Яах юм бэ, нэгэнт хорт хавдар тусчихсан юм чинь, хэвтэж байгаад л өнгөрнө биз. Нэг ч мөнгө, төгрөг үрэхгүй, харин ч цуглуулж, идэвхтэй байж, үр хүүхэддээ жаахан юм үлдээчихээд өнгөрнө гэж боддог. Нэгэнт бүрэн гүйцэд эдгэхгүйгээс хойш орон гэрээ зараад, эргэн тойрныхондоо чирэгдэл учруулах хэрэггүй. Нэгэнт байдал тодорхой байвал.
-Энэ чинь хүн амьдралаа, амь насаа аварч үлдэхийн төлөөх эцэс, төгсгөлгүй тэмцлийн нэг юм биш үү?
-Тийм л байх. Тэгэхдээ надад бол тэгж санагддаггүй. Нэгэнт асуудал шийдэгдсэн, хорт хавдар нь эмчлэгдэхгүй гэвэл үлдэж байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө л тэмцэх хэрэгтэй шүү дээ. Харин хэрвээ маргааш үхэхээ яг таг мэдвэл бодож санаж байсан бүх зүйлээ гүйцэлдүүлэхийн төлөө тэмцэнэ. “100 өдөр” гэдэг кино байдаг шүү дээ. Түүнтэй адил. Юу хийж гүйцэтгэж амжаагүй байна, тэр бүхнээ л бололцоогоороо хэлэлцүүлнэ дээ.
-Гадаадын жүжигчид нийгмийн хариуцлага хэрэгжүүлээд, мөнгө төгрөгөөр туслаад явж байдаг тухай байнга мэдээлэл гардаг. Манай жүжигчдэд хүнд өгөөд, туслаад байх мөнгө гэж байхгүй нь мэдээж. Тэгэхдээ залуустай уулзаад, яриа өрнүүлээд, ухуулаад, нийгмийн хариуцлагаа үүрч баймаар санагддаг юм?
-Хийж болно оо, болно. Гэхдээ ганц жүжигчин яваад нэмэргүй шүү дээ. Биднийг нэгтгэсэн нэг холбоо, урлагийн зөвлөл ч юм уу байх ёстой. Чөлөөт уран бүтээлчид рүү огт ханддаггүй. Хаана юу болж байгааг мэддэггүй. Тэгэхээр бид яаж зохион байгуулалтад орж, хүүхэд залуусыг ухуулах юм бэ. Хаа нэг “Дэлхийн зөн” зэрэг байгууллагаас зохион байгуулдаг үйл ажиллагаандаа урьдаг болохоос биш өөрсдөө зохион байгуулж байгаа юм алга. Уг нь хоорондоо уулзаад, яриад, зохион байгуулаад явбал болно шүү дээ. Тэгэхгүй л байгаа байхгүй юу.
-Монголын үндэсний кино урлагийн академы энэ тэр гэсэн байгууллага байгуулаад, юм хийгээд байгаа юм биш үү?
-Мэдэхгүй, түүнд нь хамрагдаагүй байгаа, би. Дөнгөж байгуулагдаад, одоо л үйл ажиллагаа нь идэвхжиж байгаа байх. Намайг урьсан урилга, нөлөөлсөн хандлага гэж байхгүй байна. Одоо л үйл ажиллагаагаа сайн идэвхжүүлэх гэж байгаа юм болов уу гэж санаад л байна шүү дээ.
-Та ямар нэг студи, продакшнд харьяалагдах талаар боддог уу?
-Уг нь тийм бодол бий. Хүн аятайхан санал тавиад, тохирч чадвал. Ерөнхийдөө саналын байдлаас л болно. Одоохондоо манайд орооч гэсэн санал байхгүй байна. Бусадтай нэгдэж ажиллахад надад татгалзаад, цааргалаад байх зүйл байхгүй. Харилцан тохиролцоод ажиллах юм бол хаана ч, хэний ч уран бүтээлд ажиллаж болно.
-Зөвхөн жүжигчин Б.Навчаагийн ямар дүр гаргасныг үзэх гэж театрт ирдэг хүн байдаг болж. Нэг үеэ бодвол Монголын чадварлаг жүжигчдийн нэг болчихсон. Тийм учраас ирж байгаа саналуудад шаардлага тавьдаг болсон биз дээ?
-Нэг их шалгуур тавиад байх нь ч хаашаа юм. Надад тийм ч олон киноны санал ирээд байдаггүй. Урьд өмнө нь кинондоо авсан хүмүүс, найз нөхөд, залуу уран бүтээлчид хандаж байгаа шүү дээ. Яах вэ, кино зохиолоо уншина. Би сайн уран бүтээлч биш ч гэсэн сайн, муу уран бүтээлийг ялгадаг болчихсон байгаа байхгүй юу. Тиймээс зохиолоо уншаад, “энэ чинь иймэрхүү болох гээд байна.
Тэрийг тэгээд янзалчихвал яасан юм бэ” гэдэг санаа бодлоо хүмүүстэй харамгүй хуваалцдаг. Тийм болохоор залуус эргээд надад ханддаг байх. Мэдээж санал ирэхэд зохиолоо уншина. Зохиолоо уншихгүйгээр шууд давхиж ордог хүн гэж юу байхав. Зарим тохиолдолд кино давхцахаар нэгээс татгалзах үе гарна. Би чинь энэ ажлаараа л хоолоо олж идэж байгаа. Ямар тогтсон ажилтай биш.
Эх сурвалж: “Монголын Мэдээ”