Нийгэм

“Хар тас”ын Марка, Усны гүнж Ука хоёрын бяцхан охин ийм том охин болжээ……

Монголын сайхан бүсгүйчүүлийн нэг Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол “Aqua fitness” клубын захирал Б.Уянга буюу усны гүнж Ука билээ. Тэрээр 45 шүргэж яваа ч 18 тай охин шиг харагддаг үзэсгэлэн гоо сайхан эмэгтэй.

Сайхан бие, янаг хоолоотой тэрээр нэг хэсэг олны анхааралд байсан бол өдгөө нам гүм амьдарч байгаа билээ. Түүний хувийн амьдрал нь тийм ч дардан байгаагүй юм. Анхны нөхөр “Хар тас”-ын Маркатай ханьлан нэг охинтой болсон ч хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон билээ. Тэдний бяцхан охин өдгөө ийм том охин болжээ.

Тэрээр хоёр дахь амьдралдаа өөрөөсөө 20 насаар ах УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг сонгосон билээ. Б. Дэлгэрсайхан гишүүний хувьд Ука 7 дахь эхнэр нь байсан аж. Хосууд мөн л дундаасаа нэг хүүтэй болсон ч удаагүй хоёр тийш болжээ. Ингээд усны гүнж маань ганц бие ээж болж охин, хүүгээ ганцаараа өсгөн яваа хүчирхэг ээжүүдийн нэг билээ.

Монголын анхны реппэр, реп хамтлагийг үүсгэн байгуулагч “Хар тас”-ын Марка өмнөх эхнэр Укагын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

Марка буюу Бадмаараг хөгжмийн зохиолч аавын хүү бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн чадварлаг сурагчдын нэг. Усны гүнж Ука хэмээн олонд нэршсэн бүсгүйн экс нөхөр, кино шиг адармаат амьдрал туучсан Марка ярилцлагын ширээнээ тухлах хүртэл бид санал тавиад даруй 7 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрбээр Америкт тоглоод ирсэн бөгөөд ойн ажилдаа бэлдэн тун урагштай яваа сониноосоо хуваалцсан юм. Ховор зочин маань Монголын хип хоп хамтлаг, дуучдыг харин ч нэг “чимхэнэ” билээ. Түүний хурц, шулуун яриа уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ. Ингээд та бүхний өмнө “Хар тас”-ын Маркагийн ертөнц хаалгаа нээлээ.

-Сүүлийн 10 гаруй жилийн турш хэвлэлд ам нээгээгүй ховор хүнтэй уулзсандаа баяртай байна. Таныг тайз ч их үгүйлсэн байх. “Хар тас” гэнэт гарч ирсэн шигээ гэнэт замхарсан энэ жилүүдэд Марка хаагуур, юу хийж явав?

-Ойрын хэдэн жил суурин байж, тэнгэр газрын үйл их хийлээ /инээв/. Францад биеэ эмчлүүлэхээр очоод гурван жил амьдарлаа. Их хүнд өвчин, элэгний церриоз тусаад тэр сайхан орны буянаар таван цул эрхтэн маань эрүүлжээд эх орондоо эргэж ирсэн. Анхны эхнэрээсээ бүрмөсөн салаад шинэ гэр бүлтэй боллоо, одоо хоёр охинтой. Өмнөх амьдралаас нэг охин, нийтдээ 3 охинтой. Ам бүл, айл болоод байж байна даа.

Франц явахдаа та өмнөх эхнэртэйгээ хамт байсан уу?

-Салаад явсан. Хамт байгаад байвал болохгүй юм байна … /бодолхийлэв/. Залуу хүмүүс бие биенээсээ хол байгаад байх тусам сална гэсэн үг юм байна. Манай эхнэр Япон руу их явдаг ажил хийдэг байсан. Тэр нь ерөнхийдөө салах шалтгаан болсон.

-Анхны эхнэртэйгээ хэдэн жил амьдарсан юм бэ?

-Уянгааг 15-тайгаас юм байна. Би тэгэхэд 17-той байлаа.

-Од болох гэж байсан үе үү?

-Ерөнхийдөө од, ид мандаж байсан үе. Уянгааг 15-тайгаас нь найраад /инээв/, 17, 18 жил хамт амьдарсан.

–Том охин чинь хэдтэй вэ?

-Одоо 16 хүрч байна.

-Уулздаг уу?

-Америкт сурч байгаа. Байнга холбоотой байдаг.

-Таны талаар усны гүнж Укагийн нөхөр гэдэг ганц өгүүлбэр л явдаг. Өнөөдрийг хүртэл энэ талаар та хоёрын хэн нь ч дэлгэрэнгүй ярьж байгаагүй?

-Би бол ярихыг хүсдэг ч үгүй. Яах юм, Уянгаа ч бас хүсдэггүй байх. Гэхдээ зарим нэг мэдээлэл дээр инээдтэй, инээдтэй юм ярьсан байдаг юм билээ.

 

-Алдаатай, буруу ойлгочихсон, мэдэхгүйгээсээ болоод та хоёрын талаар ташаа ойлголттой хүмүүс байвал залруулах үүднээс ярьсан нь бас зүгээр л дээ. Таны экс гэргий багаасаа спортоор хичээллэсэн, нийгмийн идэвхитэй охин байжээ. Хамт байх тэр үеийг дурсаач?

-Уянгаа энэ спорт руу орох шалтгаан, суурь нь надаас улбаатай. Найз нөхдүүд нь бүгдээрээ урлагийн хүмүүс, “Гурван охин”-ы Соко, Отгоо гээд. Тэд бүгд миний ард явдаг байсан. Надаас салаад тэд нартай явчихсан гэсэн үг. Надтай хамт байхдаа бизнесийнхээ санааг олж авсан. Дуу хөгжимд бас дуртай байсныг ч хэлэх үү, надтай хамт байгаад байхаар нэг нэгэндээ уусаад. Байнгын тоглолттой тэр үед манай хамтлагийнхан шиг өндөр цалинтай хүн ч байсангүй. Компанийн захирлуудаас ч илүү орлоготой байсан гээд бодохгүй юу. Хичнээн машин, хичнээн байр авчих мөнгөөр шоудаад хамаг цагаа үрсэн дээ. Шоу цэнгээн, залуу нас бүх юм гарын салаагаар урссан. Долоо хоногт хамгийн багаар бодоход 92, 93 онд нэг хүн нь 700 мянган төгрөгийн цалин авдаг байсан. “Москвич” 14 мянган төгрөг, “Лада” 20 мянган төгрөг, “Лада” авч унасан хүн зүгээр аймаар байлаа ш дээ. Тэгэхэд бид сард нэг хүн нь 21 мянган төгрөгний цалинтай байлаа.

-“Хар тас”-аас гадна та ганцаараа нэг хэсэг бут авч байсан. МУГЖ Т.Ариунаатай дуулсан “Үггүй мордсон чи минь” дуу гараад ёстой таны хэлдгээр дэлбэлсэн дээ, тийм ээ?

-Хамтлаг маань дэлбэлээд ид өндөрлөгөө авлаа. Хамгийн аймаар, урлагийнхныг ганц алдаг юм архи. Хамтлаг нэг хэсэг байж байгаад алга болчихдог нь нөгөө архиндаа нам цохиулдаг байхгүй юу. Фэнүүд гээд байгаа хүмүүс л алдаг юм даа. Ний нуугүй хэлэхэд намайг яг 30 хүн байнгын дагаж явдаг байсан. Надтай хамт унтаад, надтай хамт босоод явдаг байсан. Би тэр 30 хүнийг байнгын архидуулдаг. Тэд ерөөсөө л намайг хөөргөх үүрэгтэй.

-Тэр үед эхнэр чинь хаана байсан юм? Тийм олон хүнтэй яваад байхаар бас юм хэлмээр юм.

-Хамт л байгаа юм чинь. Тэрэнд бас орж уусаж байна шд /инээв/. Үнэхээр энэ гоё ч байдаг юмуу. Мөнгө бол зүгээр арай дэндүү. Уудаг юм нь виски болчихож байгаа юм чинь. Тэгж аймаар живсэн байхгүй юу. Энэ бол зүгээр л дампуурал. Кинон дээр одууд мөнгөтэй болоод аймаар, аймаар бөгж зүүгээд, пээдийгээд сүүлдээ дампуурдаг ш дээ. Яг л тэр амьдрал. Тэгж яваад элгээ устгачихсан даа.

 

Та ингэхэд ямар айлын хүүхэд юм бэ? Гэрийнхэнд чинь урлагийн хүн байсан уу?

-Аав маань хөгжмийн зохиолч Индэрээ гэж маш олон шавьтай хүн. Чинзориг агсан, Адарсүрэн гуай гээд Монголын бүх л томчууд манай аавын шавь нар. Өөрийнх нь маш олон дуунууд алтан фондод байдаг. Нутаг усныхан нь, Баянхонгорын Байдрагийнхан бүгд мэднэ. Уул усаа их магтан дуулдаг хүн. Ээж маань насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан, хамгийн сүүлд гэмтлийн эмнэлэгт ажиллаж байгаад бас өөд болсон доо.

-Та айлын хэд дэхь хүүхэд вэ?

-Айлын бага, дээрээ хоёр эгч, нэг ахтай. Манай гэр бүлээс би ганцаараа аавынхаа замналыг дагаж урлагт орсон. Өөрөөрөө урлагийн генээ таслаад яахав, маргааш охиныгоо хөгжим бүжигт оруулах гээд бэлтгэлийг нь хийлгээд сууж байна. -Та Хөгжим бүжгээс гараад дахиж суралцсан уу? -Хөгжим бүжигт суралцаад дараа нь Соёлын коллежид орсон. Манай ангид “Маднесс” хамтлагийн дуучин Сайханаа байсан. Би хичээлдээ суухгүй, байнгын тоглолттой гээд явчихна. Гавьяат Бат-Эрдэнэ, одоо Соёлын коллежийн захирал болчихсон байна уу даа, нөхөрт анх хип хоп, реп гэдгийг мэдрүүлж байлаа. “Жон жон гээд үглээд яваад байхаар чинь гайхдаг байсан юм. Тэгсэн аймаар урлаг байж шүү” гэж одоо ярьдаг юм.

 

-Та унаган хотын хүүхэд билүү. Аль “дош”-ных билээ?

-Би хорооллын унаган хүүхэд, Өргөөгийн хажуу талын 2-р байрных. Одоо ч тэрнийхээ урд амьдарч байна. Тэр хавиасаа хөдөлж болдоггүй ээ, нүүсэн чинь бас нийцдэггүй юм байна. Тэнд гоё ш дээ, ард түмэнтэйгээ бужигнаад. -“Хар тас”-ын Марка, Марка л гэх юм. Таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ? -Бадмаараг ш дээ. Эгч бацаан байхад Марка гэдэг нэрийг өгсөн. Маарга нь Марка болчихгүй юу. Бадмаараг бол үнэт чулуу. Ихэвчлэн охидуудад Бадмаараг гэж нэр өгдөг. Манай гэрийнхэн бүгдээрээ чулууны нэртэй. Ах маань Номинбадрал гэдэг хүн бий. Оюунчимэг, Оюун-Эрдэнэ тэгээд Бадмаараг.

-Ингэхэд эхнэрээ танилцуул л даа?

-Эхнэр маань яах вэ, энгийн л бүсгүй. Ярих хэрэг байна уу? Одоо 24 настай, надаас нэлээн дүү. Тиймэрхүү хүүхэн авч суусан. Урлагийн хүн биш.

-Тийм урт удаан хугацааг хамт өнгөрөөчихөөд анхны гэргийгээсээ салах амаргүй байсан байх?

-Тэгээд шийдэхгүй бол болохгүй ш дээ. Амьдралд ар гэрийн уур амьсгал маш чухал. Хардалт гэж ярьдаг, тэр 100 хувь бид хоёрын амьдралд байсан.

 

-Хэн нь их хартай байх уу?

-Хар бол мэдрэл, сэтгэл санааны өвчин. Хартай байсан уу гэвэл байлгүй яахав. Тэр бол яг асаж байх үеийн эмоци. Одоо нуугаад яахав дээ, бүх юм болсны дараа эргээд харахад харамсах юм байхгүй. Тухайн үед яг л болох ёстой юм болсон байна гэж боддог. Салчихлаа гээд харамсах юм байхгүй.

-Та өөрийгөө эр нөхрийн хувьд тэр хүний хувьд хангалттай байж чадсан гэж боддог уу?

-Бас яаж тэгж бодох вэ дээ. Байнгын архи ууна, архиа дагаад мэдээж охид хүүхнүүд дагана. Би зовоосоон, ойлгомжтой. Мөнхийн шоудалт, мөнхийн ууж идээстэй хүнээс хүн уйдна, залхана. Нэг өдөр л явна. Эцэг эх нь ч гэсэн залхана. За, танай энэ нөхөр чинь явахгүй нь ээ л гэнэ. Манай эцэг эх тэгж ойлгож байхад хүнийх бол бүр тодорхой биз. Миний зан л тэр юм, гал руу гараа хийхээс буцахгүй, бүх юмыг нь үзье гэсэн. Үзсэн. Доошоо ч орж үзсэн. Гэхдээ би бусдад хэзээ ч доошоо харагдаж байгаагүй. Гэтэл миний хувьд доошоо орчихсон байдаг. Тэрийгээ би хүнд харуулдаггүй. Марка Маркагаараа л байна гэж ойлгодог. Байртай бол байртай, машинтай бол машинтай, хүний хэрэглэж байгаа бүхий л юм байна. Гэтэл яг дотроо бол би сэнсэрчихсэн байсан. Сүүлдээ буг чөтгөрийг нь хүртэл хардаг болсон. Бүр алийгаа алдаж байж нэг юм гайгүй болсон доо.

 

Тэр хүнд уналтын үедээ та хэнтэй хамт байв? Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Та бас нэгэн цаг үед мандаж явсан хүн шүү дээ.

-Энэ амьдралаас залхаад, явсан нь дээр юм байна гэж бодоод, бүр шийдчихсэн байсан гээд бодохгүй юу. Явахдаа болж өгвөл ганцаараа явъя гэж бодож байсан. Тэгсэн чинь харин аз болж нэг хүнтэй танилцав. Тэр бүсгүй жирэмсэн болчихсон. Тэгээд л суусан нь дээр юм байна гэж бодсон. Тэгж л энэ амьдралаа эхлүүлсэн.

-Одоо бол жинхэнэ үлгэр жишээ сайн нөхөр, сайн аав болсон уу?

-Одоо бүх юм өөрчлөгдсөн. Бүх юмыг нь үзчихлээ, туулчихлаа, бараг 10-аад үхлээс амь мултарлаа. Живж үзлээ, алуулах гэж үзлээ. Бүх л юмнаас мултарлаа, үхдэггүй юм байна. Хүний амь бөх юм билээ. Чам шиг сайн эцэг алга гэж одоо эхнэр маань хэлдэг.

 

-Одоо хаана амьдарч байна вэ?

-Одоо яахав тусдаа нэг байранд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байна.

-Тэгж их мөнгөтэй харьцаж байсан хүн болохоор тансаг хэрэглээнд дасчихсан байх. Одоо таны орлого ямархуу байна?

Урлагтаа ажиллаж байна уу, хувиараа ажиллаж байна уу? -Эхнэр бид хоёр нэг юм ажиллуулдаг. Тэр маань гайгүй явж байгаад нэг өдөр л гал гараад шатчихсан. Дахиад амьдрал надаар тоглоод байдгаа барсан үе. Хүн үхээгүй болохоор сайхан. Галын дөл өөдөө ч гэж ярьдаг. Авах юмыг нь авлаа, хүний амь биш бол яахав гэж бодсон. Галаар бүх юм хаагдана гэдэг талаасаа харамсаагүй ээ. Одоо бол орлоготой, олны жишгээр амьдарч байна даа.

 

-Таныг тойрон хүрээлж байсан хүмүүсээс амьдралын туршид ялгараад үлдэх нь үлдээд, явах нь явсан байх. Хэд нь үлдэж, хэд нь явсан байх юм?

-Найз гэж хүмүүс ярьдаг, яг үнэндээ байдаггүй ш дээ. Одоо намайг тойрон хүрээлж байгаа маш олон хүн байгаа. Тэдэнд би яг найз гэдгээр ханддаггүй. Урдны сайхан цагийнх шиг найзална гэвэл бүтэхгүй. Одоо нас тогтсон, найз гээд налчигнаад, шалчигнаад байх утгагүй амьдрал. Найзууд хааяа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болохоос наалдаад, шалчигнаад байх утгагүй. Манайд тэр нь давамгүй илүү болчихсон юм уу даа. Нэгнийгээ уруу татдагаас болоод эхнэр, нөхөр нь хардана. Миний хувьд бүгдий нь орхисон. Мэдээж урлагийн найзууд байгаа. Юмаа хийе гэвэл хийсэн шиг хийгээд тодорхой тодорхой ажлаа яриад л явдаг.

 

 

-Та хип хоп урлагийн үндэс суурийг тавьсан. Бараг ч загалмайлсан эцэг гэж байдаг бол байхаар түвшинд яригдах хүн. Таны бодлоор одоо манай хип хоп урлагийн хөгжил ямар шатанд байна?

-Тийм ээ, суурийг нь тавьсан, өөр ч бас шинэлэг зүйл хийсэн. “Хар тас” хамтлаг 1997 онд уналтанд орж, миний соло карьер 1998 онд эхэлсэн. Би карьераа хөөж Ариунаатай дуулаад, тэр маань маш хурдан хит болсон. Тэрнээс өмнө Болдтой “Ухаарал”-ыг дуулсан. Болдын зохиосон тэр бас лаг гоё дуу. Дараа нь Ариунаа хоршихгүй бол болохгүй юм байна гэж бодсон байх, надад санал тавьсан. Тэгээд “Үггүй мордсон чи минь” дууг дуулсан. Тэгэнгүүт Минжинсор ороод ирж байгаа юм. Ингээд 3 нөхөртэй хамтраад дахиад цойлоод ирдэг юм байгаа биз дээ. Ерөнхийдөө реп, хип хоп чимэг болдог юм байна гэдэг нь мэдрэгдээд эхэллээ. Реп, хип хопууд тайзан дээр хамт гараад ирвэл илүү хүчтэй юм байна гэдгийг тухайн үед мэдрүүлж чадсан. Хэн ч хийгээгүй юмыг хийж, анхдагч нь болж гарч ирсэн нь гоё байсан. Тэгээд нөгөө нөхрийн чинь хамрын загатнаа нь эхлээд бүр сэхүүн болдог юм байгаа биз дээ. Асар өндөр үнээр дуулдаг, нэг дуу л гэхэд сая төгрөг. Тухайн үеийн ханш өндөр байсан.

 

-“Хар тас” унахад таны хувьд хамгийн их харамссан зүйл юу байсан бэ?

-Бидэнд алдсан юм их бий. “On & Off” продакшн, Ононбат бид нартай 1995 онд гэрээ хийе гэж анх ирсэн. Танай “Хар тас” хамтлагийг гаргая, бүх клип, дууг нь хийе, менежмэнтийг нь барьж аваад бид гаргая, танайх алнаа гэлээ. Дэвэргэн зангаасаа болоод, ашгаа 70, 30 гэж солиорсон байхгүй юу. Ононбат, арай ч дээ гээд буцаж яваад “Камертон”-той гэрээ хийгээд тэднийг гаргаж ирсэн. Тэд 50, 50 гэж тохирсон юм билээ. Тэгэхэд би 70, 30 гэж солиорч байдаг. Тэгээд нэг зам маань хаагдсан. Дараа нь, “Хар сарнай” манайхыг дэлбэ цохисон нь CD гаргасантай холбоотой. Бид анхдагч, гэтэл бид нарын дуу кассетан дээр яваад байдаг. Олигтой юм сонсогдохгүй ш дээ. Тэгэхэд тэрийг ганц дэлбэлсэн юм “Хар сарнай”-н CD. 1996 он л доо. Ингэж манайхыг нам дарсан, бүр сураггүй болгосон. Тэгээд 1998-2002 он хүртэл миний карьер явж байгаад 2000-аад оноос хип хопууд гарч ирсэн.

 

Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэж үнэн үг шүү. Тэр үеэс хойш та бор дарстай нөхөрлөж байна уу?

-Ойрын 7 жил архи гэж зүйлд ам хүрсэнгүй. Анагаах ухааны хэллэгээр архины 1, 2, 3, 4-р үе гэж байдаг. Би 4, 5 дугаар үед нь орсон. Анагаах ухаанд хий юм харахыг солиорол гэдэг, тийм үү? Би тийм шатандаа очсон. Тэр бол хүний биед наалддаг ад чөтгөр. Миний амийг авах гэж байсан нөхөр бол тэр. Олон жил надаар ундаасчихсан, олон жил надаар тэтгэчихсэн, тэжээлэгчихсэн. Над шиг хүн дахиж хэзээ ч тэр албинд олдохгүй. Тийм болохоор намайг тавихгүй. Тавих юм бол амийг нь авах байсан. Маш олон бөө ч дийлэхгүй гэдгээ хэлсэн. Энийг чамаас салгах юм бол бид үхнэ гэж шууд хэлдэг байсан. Хэн ч дийлэхгүй, би сүүлдээ эвлэрсэн. Онгод тэнгэр бууж байж дарсан.

Дэлгэрэнгүй ярилцлагыг: “Гранд” сэтгүүлийн 55-р дугаар 2015 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!