СТА Н.Зориг: Хүнд хань шиг хэрэгтэй зүйл байдаггүй юм билээ, Баяр болохоор гэрийнхээ цонхоор хараад л зогсох юм даа

Хаврын тэнгэр гэнэт бүрхэж удалгүй хаяардаг шиг тэр тийм түргэн зантай. Түүнийг ааштай харагддаг ч голын намуухан урсгал шиг зөөлөрч чаддагийг нь мэдрээд хүний зөөлрөл нь юу байдаг юм бол доо гэж бодохдоо түүнээс асуулаа. Тэр “Бие биеэ ойлгох л байдаг юм. Хүний зөвийг нь хардаг байхад л болно шүү дээ” гэхийг сонсоод сайхан санагдсан. Би түүний зөөлөн чанарыг яагаад голын урсгалтай зүйрлэсэн гээч. Тэр хаварт бүр Эрхүүгийн хаварт дэндүү дуртай юм билээ. “Эсгий гуталтай, нэхий дээлтэй хүүхнүүд нэг л өдөр эрээн даашинз, өндөр өсгийт өмсөөд шоржигнон урсах голын эргээр бүжиглээд л Эрхүүгийн хавар сайхан даа” гэж ярихдаа тэр яг л Эрхүүд очсон юм шиг догдолж байсан юм. Тийм болохоор түүнийг Эрхүүгийн хавартай зүйрлэж “Тэр яг хавар шиг” гэж нэрлэчихээд гэгэлзэж сууна. Түүнийг Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Нямаагийн Зориг гэдэг. Давхраатай хүнхэр нүд, өтгөн хөмсгөөрөө гоёсон түүнийг танихгүй хүн ховор доо. “Загийн алим”, “Санаж яваарай”, “Амьдралын нахиа”, “Эргүүлэг” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлийн дүр нь түүний мөнхийн тодорхойлолт биз ээ. Ийнхүү Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, дуу оруулагч, найруулагч, сэтгүүлч Н.Зоригтой ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Та жүжигчин, дуу оруулагч, найруулагч, сэтгүүлч гээд олон автортой шүү дээ?
-Би мэргэжилдээ хайртай. Сэтгүүлч, найруулагч, дуу оруулагч гээд бүгдэд нь дуртай. УБИС төгсөөд кино үйлдвэрт орчуулгын дуу оруулах ангид ажиллаж байсан. Дараа нь хүүхдийн театрт гурван жил ажилласан. Театрт ажиллаж байхдаа гурван гол дүрд бусад нь туслах дүрд тоглож байсан. Дараа нь телевизэд найруулагчаар ороод олон нэвтрүүлэг хийсэн. Олон нийтэд хамгийн их хүрсэн нь “Хөхөөтэй цаг” нэвтрүүлэг байлаа. Би жүжигчнээс гадна телевизийн салбарт мэргэшиж ажиллаж байснаараа их баярладаг. Өөрөө текстээ бичиж, найруулж, хөтөлж, дуу оруулдаг байсан болохоор мэргэжлээрээ бахархаж байсан даа.
-Та жүжигчин хүнийг ямар шалгуурт нийцэх ёстой гэж боддог вэ?
-Хамгийн төвөгтэй мэргэжил бол жүжигчин. Яагаад гэвэл жүжигчин хүн сурсаар байгаад дуусдаг. Гагнуурчин, малчин, эмч бүрийн мэргэжлийг сурдаг. Эмч хүн тэгдэг, малчин хүн ингэдэг гэдгийг мэргэжил дээр зааж өгөхгүй харин жүжигчид нарийн судална шүү дээ. Тэгэхээр жүжигчин бол төгс эзэмшдэг мэргэжил биш. Сурсаар байгаад дуусдаг мэргэжил гэж боддог юм.
-Та авьяасаараа жүжигчин болсон гэж боддог уу, сонирхлоороо жүжигчин болсон уу?
-Аравдугаар ангиа төгсөөд Эрхүүгийн сургуульд сэтгүүлчээр сурсан.Түүний дараа УБИС-д кино драмын ангид дөрвөн жил сурч төгссөн. Авьяастай гэхээсээ илүү сонирхолтой байсан. Гурав, дөрвөн настайдаа сургуулийн шинэ жилээр баавгайн бамбарууш болж олны өмнө гарч байсан. Тэгээд аравдугаар анги төгстлөө алиалагч хийж байлаа. Намайг сургуулиа төгсөөд ОХУ руу явсан хойгуур манай дүүг “Ах чинь алиалагч болж байсан.
Одоо чи бол ” гээд даруу төлөв хүүхдийг алиалагч болгож байсан байгаа юм. Би багаасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Манай ээж Монголын оюутан залуучуудын анхдугаар их хурлаар алтан медаль аваад Ховдод цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа Ховдын драмын театрын тайзнаа дуулдаг, бүжиглэдэг байв. Нэг удаа сувилагчийн дүрд тоглож цэргүүдийг тарихаар туулгадаг байсныг санадаг юм. Тэгэхээр надад удамшил юм уу, өгөгдөл байгаа юм шиг санагддаг. Аав минь харин ээжтэй танилцахын тулд шинэ жилийн үдэшлэг хөтөлж, өвлийн өвгөн болоод “Отгонбаяр миний охин өвгөн ааваасаа бэлгээ аваарай” гээд ээжийг анх үнссэн гэсэн. Хөөрхөн дурсамж байгаа биз.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би айлын том хүү. Ээж минь сургуулиа төгсөөгүй, аав Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байхад би өвөө дээрээ өссөн. Аргагүй л өвөөгийн амьд бурхан байсан даа.
-Ээжийнхээ аав дээр өссөн юм уу?
-Монгол Улсын гавьяат багш Цагаан гэж хүн байсан. Манай ээжийн хамгийн том ах шүү дээ. Би өвөө гэж дуудаад сурчихсан юм. Манай өвөө Ю.Цэдэнбал даргатай бага сургуульд нэг ангид байсан гэсэн.
-СҮҮЛДЭЭ ААВААС АЙГААД ЮМ АСУУХАА БОЛЬЧИХСОН БАЙСАН-
-Өвөө нь танд дуу, шүлэг цээжлүүлэхээс эхлээд зөв хүн болгож хүмүүжүүлэх тал дээр их анхаардаг байсан байх даа?
-Ховдод ганцхан цэцэрлэг байсан. Манай цэцэрлэгийн туслах багш орос байсан болохоор би орсоор ярьдаг байсан. Тухайн үед ээж орос хэлний дугуйланд явдаг байсан. Намайг харах хүн байхгүй болохоор ээжийгээ дагаад дугуйланд нь хамт явдаг байв. Тэгээд багш нь юм асуухаар тэд мэдэхгүй би өмнөөс нь босоод хариулчихдаг байсан. Тэр үед Ховдынхон намайг шонхор гэдэг байсан юм. Яагаад гэхээр манай өвөө намайг “Миний шонхор, миний шонхоодой” гэдэг байсан. Тэгээд ээжийг багш нь “Шонхорыг хичээлд битгий дагуулж ирээд бай. Хичээл заалгахгүй байна” гэсэн гэдэг. Би сайндаа орос хэл сураагүй шүү дээ. Хүүхдийн оюун ухаан тийм мундаг байгаа юм. Би унаган орос хэлтэй байсан. Тэгээд хотод ирээд мартчихсан. Харин Орост очоод сэргээж санасан шүү. Орос ном, кино, дуу үзэж, харах дуртай.
-Та Ховдод хэд хүртлээ байсан бэ. Хот руу орж ирсэн үеэ санадаг уу?
-Би Ховдод зургаан жил байсан. Улаанбаатар хотод төрөөд хоёр сартайдаа нагац эгчийнхээ х ө х ийг х ө х ө ж өвөө дээрээ өссөн. Аав 1966 онд Оросоос сургуулиа төгсөж ирээд ээж бид хоёрыг татаж авсан юм. Би багийнхаа гоц содон үйл явдлуудыг сайн санадаг. Энэ миний давуу тал юм шиг байна лээ.
-Та хотод аав, ээж дээрээ ирээд өөрчлөгдсөн үү?
-Аав, ээж хоёр ажилтай болохоор намайг 24 цагийн цэцэрлэгт өгсөн юм билээ. Би өөлдүүдийн дунд өссөн болохоор өөлдөөр ярьдаг байсан юм. Хотын хүүхдүүд намайг ярихаар шоолоод хөхрөлдөөд унана шүү дээ. Унтлагын цагаар багш нарыг гараад явсан хойгуур хүүхдүүд намайг “Чи ярь даа” гэнэ. Тэгээд ярихаар инээлдээд бөөн юм болно. Тэгээд ээжийгээ дөрөв хоногийн дараа эргэж ирэхээр нь “Би энд байж чадахгүй. Хүүхдүүд намайг шоолоод байна” гэж уйлсаар байгаад гэр рүүгээ явж байсан. Тэгээд нийслэлийн 18 дугаар сургуульд найман настайдаа аавтайгаа явж байсан. Харин сургуульд байхад тийм асуудал гараагүй. Би дөрөвдүгээр анги хүртлээ онц сурдаг, тавдугаар ангиасаа сайн сурсан байдаг. Дөрөвдүгээр ангидаа бүлгийн дарга байсан. Тэр миний хамгийн том дарга байж үзсэн үе шүү дээ.
-Та айлын том хүүхэд учраас аав, ээждээ загнуулдаг байсан байх?
-Тийм ээ, уншиж сурахаас л эхэлнэ шүү дээ. Сар гэдэг үгийг үсэглэж уншаад нийлүүлж дуудаж чадахгүй байхаар аав “Чи ядаж дээр нь байгаа сарны зургийг хараад сар гээд хэлж чадахгүй байна уу” гэдэг байсан. Аавын ингэж хэлснийг огт мартдаггүй юм. Ээж минь одоо ч гэсэн “Та хоёр сар гэх үг унших гэж бөөн юм болж байсан даа” гэдэг юм. Дүү нарын буруу байсан ч ах дээр ирнэ шүү дээ. Би гуравдугаар ангидаа гурил зуурч, долоон настайдаа дүүдээ бантан хийж өгдөг байсан. Тэгээд зусланд гарахаараа усанд явна, гишүү хугална гээд л ах хүний ажил мундахгүй шүү дээ.
-Аав ээж нь хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг байв. Та нарт юу захиж хэлдэг байсан бэ?
-Манай аав их зарчимч, үнэнч, хөдөлмөрч хүнийг ухаанаар нь үнэлдэг хүн байсан. Харин ээж минь аливаа зүйлийн эвийг нь олж хэлдэг, тайлбарладаг юм шүү дээ. Аав дарга байсан болоод ч тэр үү “ингэ, тэг” гэж захиргаадаж ярьдаг байсан. Аавыг юм асуухаар нь мэдэхгүй байхаар “Чи яагаад мэддэггүй юм” гэнэ. Харин “Мэднэ” гэхээр “Чи яагаад мэдэмхийрээд байгаа юм” гэдэг байсан. Нэг бодлын их төвөгтэй хүн шүү дээ. Бас ааваас юм асуух их хэцүү. Шууд хариулаад өгөхийн оронд гурван цаг “Ном унш” гээд суулгачихдаг байсан. Сүүлдээ ааваас айгаад юм асуухаа больчихсон байсан. Аав минь надад төгс мэдлэг олгох гэж хэдэн цагаар суулгадаг байсан даа. Тэгээд хичээл дээрээ мэдсэн сурсан зүйлээ ярихаар багш гайхдаг байсан шүү.
-Таныг багадаа ямар хүүхэд байсан гэж ярьдаг вэ?
-Намайг багадаа их сэргэлэн, дэггүй, элдэвтэй хүүхэд байсан гэж ярьдаг. Гэхдээ хэнд ч юунд ч хоргүй хүүхэд байсан юм билээ. Тэгээд охидтой их нийлдэг, найзалдаг байсан. Хөвгүүдийн зодоон цохионд дургүй. Өвөл болохоор манай ангийн охид намайг гэрт дөхүүлж өгдөг байсан. Тийм л охидоор хүрээлүүлсэн хүүхэд байлаа даа.
-Охид танд нэлээд сайн байж дээ?
-Үнэн, үнэн. Би охидтой л тоглодог байсан. Тэгээд том ангид ороод хөвгүүдтэйгээ нийлсэн дээ.
-Таныг Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаагийн хүү гэхээр хүмүүсийн хандлага өөрчлөгддөг үү?
-Намайг мэддэг хүмүүс надад сайн. Ялангуяа зохиолчид намайг их таньдаг байсан. Тэд манайхаар ирж уран бүтээлээ ярьж суудаг байхад нь би ганц гонжгор юманд нь гүйдэг байлаа. Манайд Р.Чойном, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Батбаяр гээд л Монголын сор уран бүтээлчид ирдэг байсан. Манай аав сүүлд ээжтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум руу явсан юм.Тэгээд хөдөөгийнхөнд аавыг Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн гээд аавыг танилцуулахад хүмүүс сайн танихгүй байсан гэнэ. Тэгэхээр нь “Хөхөөтэй цаг”-ийг хөтөлдөг, “Санаж яваарай”, “Загийн алим” кинонд тоглосон Зоригоогийн аав шүү дээ” гэхээр хүмүүс “Өө тийм үү” гээд ааваас илүү таньсан юм билээ. Тэгээд аав хөдөөнөөс ирээд “Чи чинь мундаг том амьтан байна шүү дээ. Намайг танихгүй байхаар нь чамайг хэлсэн чинь хүмүүс надаас илүү таньдаг юм байна” гэсэн. Энэ бол үнэхээр урлагийн буян шүү дээ.