Т.Билгүүн агсны талаарх ташаа мэдээллийг “Халамцуу яриа” нэвтрүүлгээр эцэс болгов

Оролцогчийнхоо сэтгэлийн гүн дэх углуурганы үгийг хөөрхөн гэгч нь халааж байгаад яриулчихдаг “Халамцуу яриа” нэвтрүүлэг хандалт өндөртэй шоунуудын нэг болоод байгаа билээ. Хөтлөгч Д.Галбаяр өнгөрсөн 11-р сарын нэвтрүүлгийнхээ зочноор “Мөрөөдлийн театр”-ын захирал, жүжигчин Г.Алтаншагайг урьж оролцуулсан юм.
Арван жилийн ой нь тохиож буй тус продакшн 11-р сарын 26-нд “Ub palace”-т хошин урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулсан. Мөрөөдлийн театрынхан анх “Миний нууц хүү” жүжгээрээ тэсрэлт хийн олонд танигдсанаасаа хойш 40 орчим туурвисан бөгөөд “Галзуу хот” жүжгээ телевизээр үзэгчдэд хүргэсэн юм.
“Халамцуу яриа”-ны хөтлөгч оролцогч хоёр нэлээд дотны найзууд. Тэд “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн агсныг дурсав. Жүжигчин Г.Алтаншагай, Ц.Ганбаяр, талийгаач нар СУИС-ийн нэг ангийнхан бөгөөд оюутан ахуйдаа Т.Билгүүн агсныд байнга очдог байжээ.
Т.Билгүүн
Дотны найзаа дурсан ярих үеэрээ жүжигчин Г.Алтаншагай талийгаачийн аав Тайванаатай одоо хэр нь холбоотой төдийгүй үе үе уулзаж, зургаан жилийн өмнө хүүгээ алдсан аавынх нь элгийг дэвтээдэг тухайгаа ярьсан юм. Улмаар найзынхаа аав Тайванаа руу залгаж халуун дотно яриа өрнүүлэхэд тэрээр залуу сэтгэлгээтэй, тун ч хөгжилтэй нэгэн байв.
Харин тэд талийгаачийг осолд орсон бус хар тамхины хэргээр Хятадад цаазын ял авсан учир хошин урлагийнхан жүжиг тавьсан гэх утгатай худал мэдээллүүдэд “Хэрвээ тийм үйл явдал болсон юм бол бид чинь одоо хэний шарилыг тойрсон хэрэг вэ. Тиймээс өнөөдрийн нэвтрүүлгээрээ энэ худал мэдээлэлд албан ёсоор цэг хатгах цаг нь иржээ” хэмээн ярив. Ялангуяа Г.Алтаншагай “Миний муу найзыг одоо яах гэсэн юм бэ дээ” хэмээхдээ хоолой зангируулаад авсан юм.
Үүрд дурсагдах эрхэм жүжигчин Т.Билгүүн – ГОЁ МЭДЭЭЛЭЛ
Тэрээр энэ талаарх мэдээллийг нийтэлсэн сэтгүүлийг цагдаагийн байгууллагад өргөдөл гарган өгсөн бөгөөд харамсалтай нь нөгөө сэтгүүлийнхэн уучлал гуйж ч гавиагүй байна. Хүний үхэл хагацлын тухай худал мэдээлэл тарааж, хандалт авч амь зогоодог хүмүүс олширсныг эл нэвтрүүлгээр харамсангуй өгүүллээ.