Мэдээ МэдээлэлШар Мэдээ

Б.Батзаяа: “За одоо ч Батзаяа бараг мартагдсан даа, Хүмүүс намайг санаатай болон санамсаргүй байдлаар мартдаг юм шиг байна”

Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяаг Монголд танихгүй хүн гэж үгүй. Харин мартсан хүмүүс байж магадгүй. Учир нь, тэрээр эрүүл мэндийн шалтгаанаас болоод сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гараагүй юм. Мөн мандаж явахад нь тахин шүтчихээд, эвгүй гишгэж алдахад нь зайгаа барьдаг монголчуудын муухай зан түүнийг тойрсонгүй. Гэхдээ ингэлээ гээд тэр “Гомддоггүй, бас туулсан амьдралдаа харамсдаггүй” хэмээн инээмсэглэж явна. Хэд хоногийн өмнө түүнтэй гудамжинд таарахад ярилцлага авах саналыг минь хүлээж авсан юм. Өдгөө 61 настай гавьяат жүжигчин маань тухайн үед “Саяхан өвөө боллоо” гээд их л баяртай явж байлаа. Бид товлосон ёсоороо уулзаж ярилцсанаа хүргэе.

Таны бие сайн уу. Ярилцлага хийх саналыг минь хүлээж авсанд баярлалаа.

Бие тэнхээ давгүй ээ. Тал харваснаас үүдэлтэй саажилт гайгүй болоод л байна. Таягаа хаячихсан. Ганцаараа гадуур гараад алхдаг болсон. “Хөдөлгөөн сайн хийвэл саажилт арилна” гэж эмч нар зөвлөсөн. Өтөлсөн болохоос үхсэн биш гээд өөрийгөө зоригжуулаад хөдөлгөөнтэй байх гэж хичээж л байна. Оюун санааны хувьд бол асуудалгүй.

Та хэдэн онд ийм болчихов оо?

Жил зургаан сарын өмнө. Хажууд байгаа хүн маань санаа тавьж, сайн асарч байгаагийн буянд богино хугацаанд сэргэсэн.

Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?

Хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байгаа.

Тантай анх таарахад “Саяхан өвөө болсон” гэж байсан. Нэлээд хожуу өвөө болж байх шиг байна. Хэдэн насандаа өвөө болов оо?

Би чинь 1958 онд төрсөн хүн. Манай бага хүү хүүхэдтэй болж, би 61 насандаа өвөө боллоо. Миний үеийнхэн бүгдээрээ аль эрт ач зээгээ үзчихсэн байх. Харин би нэлээд хожуу ачаа үзлээ.

61 гэдэг чинь та жилийн өмнө тэтгэврийн насанд хүрсэн юм байна. Тэтгэврээ тогтоолгосон уу?

Тогтоолгоогүй. Сард 280 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм билээ. Одоо тал харвасан гээд 310 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Хэрэв тэтгэвэр тогтоолговол тэтгэмжээ авахаа болино. Давхцуулж олгодоггүй хуультай юм байна. Тиймээс тэтгэвэр тогтоолгохгүй, тэтгэмжээ аваад явсан нь ашигтай гэж үзсэн.

Та биеэ өвдөхөөс өмнө ямар уран бүтээл хийж байв?

Сумдаар явж тоглолт их хийсэн. Урлаг соёлынхон тэр болон суманд очиж тоглоод байдаггүй учраас би зориуд сумдаар явж тоглосон. Биеэ өвдөхөөс өмнө гурван жилийн хавар, намарт дандаа сумдаар явсан. Нэг явахдаа 60 хоногоор явдаг байлаа. Суманд амьдарч байгаа иргэд их сайхан хүлээж авдаг. Ер нь манай ард түмний зочломтгой зан чанар хөдөө амьдарч байгаа хүмүүст л хадгалагдаж байна шүү дээ. Төвлөрөх тусмаа аливаа юм бохирддог юм шиг санагддаг.

Таныг жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?

Би их сониуч, юм болгоныг сонирхдог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хүмүүс “Энэ чөтгөр шиг адтай хүүхэд шүү. Хаа сайгүй л гүйж явах юм” гээд өхөөрддөг байлаа. Миний төрөлхийн энэ зан чанарууд жүжигчин болоход нөлөөлсөн байх. Бас миний хөгшин ээж нөлөөлсөн. Миний хөгшин ээж их хурдан хөдөлгөөнтэй, хүмүүстэй их нийтэч хүн байлаа.

Та хамгийн анх “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглосон уу?

Тэгсэн. 10 жилийн сургуулиа төгсөөд Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид элссэн зунаа тоглосон. Намайг кино драмын ангид шалгалт өгч байх үед найруулагч Д.Жигжид гуай олж харсан юм шиг байгаа юм. Удалгүй надад кино пробонд орох санал тавьсан. Монгол кино үйлдвэрт очиж пробонд орсон чинь “Тэнцлээ. Маргааш хөдөө явж кинонд тоглоно. Аав, ээждээ хэлээрэй” гэдэг юм байна. Ингэж л анх кино үйлдвэрт хөл тавьж байлаа. Зөрсөн жүжигчин бүрийг гайхаж хараад л мөрөөдлийн ертөнцөд ирчихсэн юм шиг санагдаж билээ.

Та чинь Улаанбаатар хотод төрж, өссөн биз дээ. Гэнэт хөдөө очоод кинонд тоглоход хэцүү байв уу?

Манайх Төв аймгийн Лүн суманд гурван жил болсон юм. Тиймээс хөдөөгийн амьдралыг ерөнхийд нь мэднэ л дээ. Малтай ч яаж харьцахаа мэддэг байсан учраас кинонд тоглоход хүндрэлтэй зүйл тохиолдоогүй.

Ганцхан кинонд тоглоод л үеийнхэн дундаа од болсон уу?

Тэр үед одоогийнх шиг нэг киноны гол дүрд тоглоод өөрсдийгөө од боллоо гэж боддоггүй байлаа. Хүмүүс ч тэгж хүлээж авдаггүй байсан. Гэхдээ хүмүүс таньдаг болсон л доо. Анх кинонд тоглоод авсан цалин гэрийнхнийг маань маш их баярлуулсан.

Хэдэн төгрөгийн цалин авсан юм бэ?

Д.Жигжид гуай миний цалингаас надад таван төгрөг гаргаж өгөөд бусдыг нь костюмны дотор талын халаасанд хийгээд хувцас, жижиг хэрэглэл хариуцсан Самдан эгчээр битүүлж оёулаад “Гэрийнхэндээ аваачиж өгөөрэй” гээд явуулсан. Замдаа цалингаа хаячихаж магадгүй гэж бодоод тэгсэн биз. Гэртээ харьсан чинь аав, хөгшин ээж хоёр маань миний костюмны халаасыг задлаад 3500 төгрөг байхыг хараад их гайхсан. Аав бүр итгэхгүй Д.Жигжид гуайгаас асууж байсан санагдаж байна. Ингэж л анх удаа гэр бүлийнхэндээ тус дэм болж байлаа.

Цалингаа юунд зарцуулсан бэ?

Тухайн үед Румын мебель гэж байлаа. Манайх тэр мебель тавилгаас хоёр ор, нэг сервант авсан. Бас аав маань ойр хавийнхаа хүмүүсийг дайлж цайлсан.

Хөгшин ээж гэдэг нь таны эмээ юү?

Тийм. Миний ээж 13, 22 дугаар сургуульд ажиллаж байсан багш хүн байлаа. Ээж маань 35 насандаа бурхан болсон. Түүнээс хойш аав, хөгшин ээж хоёр маань манай дүү нарыг өсгөж хүмүүжүүлсэн.

Та ээжийгээ бурхан болоход хэдэн настай байсан бэ?

13 настай байсан.

Таны аав юу хийдэг хүн байв?

Манай аав малын эмч хүн байлаа. Аав маань 62-тойдоо бурхан болсон. Аавыгаа бурхан болоход дэргэд нь байж чадаагүй. Нэг орой тоглолтоо тараад аавдаа хоол аваад эмнэлэг дээр очтол аав минь өнгөрчихсөн байсан.

“Мартагдашгүй намар” кинонд та оюутан байхдаа тоглосон уу?

Хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглосон. Найруулагч хүмүүс байнга дүрээ хайж, ажиглаж явдаг юм шиг байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагч киноныхоо зохиолтой танилцаад намайг шууд Отгоны дүрд тоглуулна гэж бодсон гэсэн. Оюутан байхдаа хоёр ч уран сайхны кинонд тоглосон нь л би болохоос манай ангийнхан бүгд мундаг уран бүтээлчид болсон. П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, Н.Бямбацогт, А.Цэгмэд, Т.Карма гэх мэт алдартай жүжигчид төрсөн. Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү гэсэн хоёр сайхан багш манай ангийг дөрвөн жилийн хугацаанд дааж сургасан.

Таныг хүмүүс сурагч байхдаа “Хөдөөгийн баясгалан” кинонд тоглосон гэж боддог байх. Гэтэл 10 жилийн сургуулиа төгсчихсөн байжээ.

Жижигхэн биетэй байсан болохоор магадгүй тэгж боддог байх. Би чинь 16 настайдаа 10 дугаар ангиа төгсөж байлаа. Зургаан настайдаа сургуульд орсон юм. Уг нь тэр үед найман настайд нь сургуульд оруулдаг байлаа шүү дээ. Тиймээс би жижигхэн биетэй оюутан байсан. Кино драм, биеийн тамирын анги нэг факултет байсан юм. Лекцэнд суухдаа заримдаа улсын начин Д.Адъяатөмөрийн ард суугаад унтаад өгнө. Тийм л жижигхэн оюутан байлаа.

Та Хүүхэд, залуучуудын театраас ажлын гараагаа эхэлсэн үү?

Тэгсэн. Манай театрын суурийг Цагааны Цэгмид гуай тавьсан гэж үздэг юм. Намайг ажиллаж эхлэх үед Гадаад харилцааны яамны урд байж байгаад Хүүхдийн 100-д одоогийн ХААН банкны байр руу нүүсэн. Нэг урлагийн байгууллага устаж банкны барилга болсонд харамсдаг. Та энэ театрт ажилласнаасаа гадна Хошиг урлагийн театрыг байгуулалцсан.

Хэдэн онд анх Хошин урлагийн театраа байгуулсан юм бэ?

1989 онд байгуулсан. Хүүхэд, залуучуудын театрт хамт ажиллаж байсан Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Амгалан, Энхбаатар, гэрлийн техникч Хүрлээ нартай хамт театраасаа өрх тусгаарлаж Хошин урлагийн театрыг байгуулж байлаа. Бас гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Жагдаг эгч бидэнтэй нэгдсэн. Ингэж Хошиг урлагийн театр байгуулагдсан нь орчин цагийн Монголын хошин урлагийн хөгжлийн суурь болсон гэж боддог. Түүнээс хойш олон продакшн байгуулагдаж Монголын хошин урлагийн “тогоо дүүрч, амттай хоолоор бялхан”, үзэгч олондоо таашаагдсан. Би энэ салбарынхныгаа хараад өөрөөрөө бахархдаг.

Тэгэлгүй яахав. Таныг чинь Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэдэг шүү дээ?

Тэгдэг л юм. Гэхдээ “Би загалмайлсан эцэг нь” гээд сүржигнэж явсангүй. Би ер нь сэтгэлийн хөөрөл багатай. Баргийн юманд хөөрөөд, гутраад байдаггүй мужик эр гэж өөрийгөө боддог. 1979-1982 он хүртэл гурван жил цэргийн алба хаасан маань үүнд нөлөөлсөн байх. Миний он жавууд их сайхан хүмүүс бий. Хэн нэгэнд нь өвчин зовлон тохиолдоход бүгд “жагсдаг”. Намайг тал харваад эмнэлэгт хэвтэж байхад бөөнөөрөө эргэж ирээд “Хамаагүй шуугилдлаа” гэж эмнэлгийн ажилтнуудад загнуулсан.

Та урлагийн салбартаа ч олон сайхан найзтай биз дээ?

Сайхан найзууд бий. Гэхдээ гурван жилийн турш байнга хамт амьдардаг учраас онжавууд нэг нэгнээ хэзээ ч мартахгүй, жинхэнэ найзууд болдог. Хэн нь хэн бэ гэдгээ бүрэн гүйцэд таньдаг. Урлагийн найзуудтайгаа байнга уулзахгүй болохоор тэгээд л бүдгэрэх юм байна ш дээ. Холдох тусам хүн хүнээ мартаж, сайхан дурсамжууд бүдгэрэх юм. Зөвхөн найзууд ч биш ах дүү нар ч гэсэн хол хөндий болохоор нэг нэгнээ мартчих гээд байх юм. Ер нь нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс амьд харилцаагүй болж ойр хавьд нь хэн амьдарч байгааг ч анзаарахаа больж. 10 жилийн хугацаанд нэг давхарт хамт амьдарсан айлууд нэгнээ танихгүй байна. Хуучны өв соёл уламжлагдахаа больчихлоо. Гэхдээ үүний бурууг залуучууд руу чихэж болохгүй. Бид уламжлуулах ёстой байсан юм. “Одоогийн залуучуудыг ойлгоход хэцүү боллоо” гэж ярьдаг. Яг үнэндээ хэцүү болгох юмыг нь бид хийсэн. Өв соёл, уламжлал нэг үед тасрахаараа тэр чигтээ тасарчихдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!