
Дүрс оношилгооны эмчээс сайдын сэнтийд заларсан С.Энхболдыг MN25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгийн зочноор оролцох үеэр Г.Мөнхтуул чадварлаг сэтгүүлч тулдаа л ам ангайлгаж асуултдаа хариулт авав. Г.Мөнхтуул:
-Улс төрийн хүн гэдэг бараг л уран илтгэгч шиг ярьдаг. Харин та дэндүү дуу цөөтэй санагдлаа хэмээхэд С.Энхболд:
-Би хийх гэж байгаа ажлаа тэр бүр тайлагнаад зарлаад байдаггүй, харин хийсэн ажлынхаа ард гарчихаад үр дүнг нь харуулахыг хүсдэг гэж хариуллаа.
Одоогоор эм ханган нийлүүлэх байгууллага, аптекууд эм тариаг 68 хувийн нэмэгдэлтэйгээр иргэдэд үйлчилж байгаа. Харин олон улсын жишигт энэ дүн дээд тал нь 40 хувь байдаг аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд олон улсын жишгийг дагаж үүнийг иргэдэд ээлтэйгээр буюу 40 хувиас ихгүй байхаар шийдвэрлэхээр хуулийн зохицуулалт хийх гэж байгаа талаараа ярив.
Мөн өнгөрсөн баасан гариг /2021.10.22/-т НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд олон нийтэд мэдээлэл хийхдээ “Монгол Улс цар тахлын үед нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан” гэж хэлсэн нь олны анхаарлыг татаад байсан. Харин ЭМ-ийн сайд нэвтрүүлгийн үеэр орлогчийнхоо эл мэдээллийг ташаа мэдээлэл хийсэн хэмээн залруулга хийв.
Тэрээр, “Анх Францын иргэнийг 51 хоног эмчлэх үeд эм тариа ховор, эмчилгээ нь тодорхой бус, мөн олон эмч ажилтны хамгаалах хэрэгсэл гэх мэт зүйлс орж эмчилгээг найман сая төгрөг гэж тооцож байсан. Түүнээс хойш олон улсад эмчилгээний тактик өөрчлөгдөж, ковидын эм тарианы үнэ хямдарч, нэг өвчтөнд олон эмч оногдох боломжгүй болсон учир эмчилгээний зардал дагаад багассан. Монголд гэхэд ковидын эмчилгээний удирдамж ес дэх удаагаа шинэчлэгдээд байна. Өрхийн эмнэлгүүдэд урьдчилж 70 хувийн санхүүжилт олгоод 30 хувийг нь гүйцэтгэлийг нь хянаж өгч байна.
ЭМД-ын ҮЗ-ийн тогтоолоор сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүнд өвчтөнд 4,3 сая төгрөгийн эмчилгээ хийхээр заасан байдаг. Харин гэртээ эмчлүүлж байгаа хөнгөн өвчтөнд эмч, сувилагчийн цалин, хамгаалах хувцас, шинжилгээ гэх мэт зүйлсийг тооцоод 160 мянган төгрөгийн үйлчилгээг хүргэж байгаа” гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд нь АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 17 жил ажиллажээ. Тэрээр 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан туршлагатай.
С.Энхболд Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой. Япон улсад эрүүл мэндийн бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ.
Дашрамд дурдахад тэрээр мэргэжил нэгт бүсгүйг ханиараа сонгосон бөгөөд гэргий нь эх барих эмэгтэйчүүдийн эмч гэнэ шүү.