Мэдээ МэдээлэлНийгэм

Казакстанд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор цөс нь хөөрсөн иргэд жагсах уу

Казакстанд шатахууны үнэ нэмснээс эхлэлтэй эсэргүүцлийн ид жагсаал хүчээ авч байна. Гэтэл манай улсад өмнөд хөршийн хил хаалттай, өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, тэтгэвэр тэтгэмж хаанаа ч хүрэхгүй байхад иргэд бүсээ чангалан амаа үдүүлээстэй тэвчсээр л буй.

Иргэд нэгдээд жагсах нь зөв үү гэвэл зөв өө. Гэхдээ жагслаа гэхэд үр дүнд нь аль нэг улс төрийн хүчнийхэн троллуудаа илгээж жагсаалыг өөрт ашигтайгаар эргүүлээд аль ч үгүй болгодог жишээг бид олныг мэднэ. Казакстанд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор троллууд хэдийнэ иргэдийг сошлиор турхираад эхэлчихэж. Хэрвээ Монголд эсэргүүцлийн жагсаал болбол иргэдийн дуу хоолойг ашиглан улс төрийн хүчнүүд сурсан зангаараа өөрт ашигтайгаар эргүүлэхээр зэхэж буй нь тодорхой.

КАЗАКСТАНЫ ЖАГСААЛ ХЭРХЭН ӨРНӨВ

Казакстан улсад өрнөж буй үйл явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Шинэ оны эхний өдрөөс шингэрүүлсэн түлшний үнэ хоёр дахин өссөнтэй холбоотойгоор уг жагсаал анх эхэлжээ. Гэвч энэ жагсаал нь улс төрийн асуудлыг хамран хүрээгээ тэлсэн юм.

Энэ эсэргүүцлийн жагсаал нь Казахстаны засгийн газар улс орноо шинэчилж, бүх түвшний иргэддээ нөлөөлөхүйц шинэчлэл хийж чадаагүйн улмаас ард иргэдийнхээ уур хилэн, жигшил зэвүүцлийг ихэд хүргэсний илрэл гэж шинжээчид үзэж байна.

Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор Казахстаны иргэд анх эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн боловч энэ жагсаал нь улс төрийн асуудлыг хамран хүрээгээ тэлсэн. Үймээн самуун дэгдэж, эмх замбааагүй байдал үүссэнд “гадаадад бэлтгэгдсэн” террорист бүлэглэлүүд” буруутай гэж тус улсын Ерөнхийлөгч Токаев үзэж байна.

Касым-Жомарт Токаев

Байдлыг намжаахын тулд тус улсын Ерөнхийлөгч улс орон даяараа онц байдал зарлаж, шөнийн цагаар хатуу хөл хорио тогтоож, олон хүн цуглахыг хориглож, эсэргүүцлийн жагсаал өдөөгчидтэй хатуу тэмцэхээ мэдэгдээд байна.

Жагсагчид Назарбаевын аварга том хүрэл хөшөөг нурааж буй бичлэг цахим ертөнцөөр тархсан байна. Засгийн газрын харьяа байгууллагуудын байрууд руу жагсагчид дайрч буйтай холбоотойгоор Казахстаны гол нисэх онгоцны буудлын ажилтнууд ажлын байраа орхин зугтахад хүрчээ.

Низверженный памятник Нурсултану Назарбаеву в Талдыкоргане

Эсэргүүцэгчид өчигдөр Алматы хотын захирагчийн байр руу дайран орсон бөгөөд буун дуу ч сонсогдсон байна. Авторитар дэглэмтэй гэгддэг Төв Азийн энэ улсын байдал ерөнхийдөө тогтвортой байсан. 2019 он хүртэл тус улсыг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев удирдаж байсан бөгөөд түүний засаглал нь хувь хүнийг хэт тахин шүтэж, улс даяараа түүний хөшөөнүүдийг босгож, нийслэлээ хүртэл түүний нэрээр нэрлэсэн юм.

Нурсултан Назарбаев

Казахстаны сонгуулиудын дийлэнхэд нь эрх баригч нам бараг 100%-ийн саналаар ялсаар ирсэн бөгөөд тус улсад улс төрийн идэвхтэй сөрөг хүчин гэж байхгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!