НийгэмУлс Төр

Хатагтай Обуна та хууль бус томилгооноос сайн дураараа татгалзана уу

Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар шийдвэрлэв. Ингэснээр дээрх хоёр сайд чиг үүргийн хувьд түр хариуцан ажиллах аж.

Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилсон нь олны анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа юм. Яамны төрийн нарийн бичгийн дарга гэдэг асар хариуцлагатай, бараг л сайдаасаа илүү эрх мэдэлтэй, бодлогын түвшний албан тушаалд туршлага хомс, нас залуу хүн томиллоо гэх олны шүүмжлэл газар аваад байна.

Өчигдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгасан. Гэтэл газрыг нь татан буулгаад дарга нарыг нь яамны төрийн нарийн бичгийн албанд түр томилчихож байгаа нь энэ.

Б.Болор-Эрдэнийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэгдэж, түүний эрх гүнжээр цоллогддог. Өнгөрөгч намар “Дижитал үндэстэн” шоуг зохион байгуулснаар цар тахлын үеэр хүн зоныг олноор бөөгнөрүүлсэн хэмээн хэл аманд өртсөнөөс хойш олны анхаарлыг илүүтэй татах болсон билээ.

И-Монголиаг гол тоглолтоо болгосон түүнд төрийн захиргаанд ажиллаж байсан туршлага байхгүй ч хатагтай Обуна И-Монголиа цахим системд төрийн үйлчилгээг нэмснээр ийнхүү тэргүүн түшмэлийн албанд томилогдлоо.

Төрд ажиллаад хоёрхон жил болж байгаа залуу хатагтайг крандсаар байгаад дээш гаргаад ирсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. Ямартаа л сошлд “Таныг өндөр боловсролтой залуу сайхан бүсгүй гэдгээр чинь бахархаж хүндэлдэг ч хууль бус томилгооноос өөрийн хүслээр татгалзана уу” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байгааг уншиж болно.

Б.Болор-Эрдэнийн эзэмшсэн боловсрол, ажилласан байдал:

2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, 2017 онд Оксфордын их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Улмаар 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн, 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн, 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2017 онд Их британийн Нэгдсэн Вант улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газарт судлаач, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гэрээт зөвлөх,

2018 онд Дэлхийн банкны Австрали улс дахь салбарт гэрээт зөвлөх, 2019 онд Засгийн газар, Английн Оксфордын их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, 2020 онд ЗГХЭГ-ын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга, 2020 оны долдугаар сараас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!