Мэдээ Мэдээлэл

Р.Эмүжин: Боов яагаад хугарав аа? За манай төр, түмэн хоёрын биет төлөөлөл энд зогсож байна даа. Дундаа 105 мянган төгрөгийн боовны хэрүүлтэй….

Р.Эмүжин голын олоод үнэнг хэлжээ. Тэрээр Боов яагаад хугарав аа?

За манай төр, түмэн хоёрын биет төлөөлөл энд зогсож байна даа. Дундаа 105 мянган төгрөгийн боовны хэрүүлтэй. Дархан-Уул аймгийн Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд мушгиа боовтой очсон иргэний зарж байсан боорцогийг байцаагч гэх эмэгтэй өшиглөөд, өөрийнх нь хэлдгээр түлхээд хугалчихаж дээ. Нөгөө байцаагч гэх эгч тайлбарлаж байна. Мах цагаан идээний худалдаанд чи боов боорцог авчирч зарлаа. Өглөөнөөс хойш зөндөө зарсан, чамд сануулсан, одоо энийгээ хураа гээд л чангарч байна. Худалдаа хийж байгаа залуу “Иргэд асуугаад байхаар нь би гаргаад тавьсан, ирж өшиглөөд хугалчихлаа….” Асуудал юундаа байна вэ?

Үг хөөсөн шат шатны шавсан ялаа шиг байцаагч үсэрхийлсэн дарамт үүсгээд яваа нь энэ шүү дээ. Цагаан сарын худалдаа юм бол боов зарах нь зөв. Мах, цагаан идээний худалдаа юм бол боов зарах нь бас зөв. Боов боорцогийг гурил шар тосоор хийдэг. Эсвэл Гурил, гурилан бүтээгдэхүүний худалдаа гээд дахиад нэг өөр арга хэмжээ зохиох ёстой байв уу? Нэг бол торго дурдан дээлнүүдтэйгээ хамт тавиад зарвал таарах юм уу? Цагаан ногоон сар болох гээд байна гээд нөгөө залуу учирлаад байх юм. Цагаан сард зориулсан худалдаа юм бол тавгийн боов зарахгүй яах юм? Эсвэл Аймгийн Засаг дарга нь Мах, цагаан идээ, гурил, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийн худалдаа гэж үг үсэг бүрчлэн захирамж гаргах ёстой юу?

 

Тавгийн боовгүйгээр цагаан сараа хий гээд байгаа юм уу? Хаанаа, хэн нь алдаад, эсвэл буруу ажиллаад боовны хэрүүлээр өглөөг эхлүүлж байна вэ? Ерөөсөө л төр нь үйлчлэх бус, дарамтлах эрхтэй гэж үүргээ буруу ухамсарладагийн тод жишээ шүү дээ. Цагаан сарын худалдаа болж байхад мах, цагаан идээ гэдэг хоёр үгэн дээр тоглолт хийгээд, бусад бүтээгдэхүүнийг хорьсон хаасан нэрээр торгож банждаг хөгийн, хогийн арга барил харагдаж байна. Өглөөнөөс хойш зөндөө зарлаа гээд өнөө залууг буруутгаж байна. Өвлийн хүйтэнд өглөөнөөс хойш гадаа зогсоод, ганц ч гэсэн бараа зараад харьж байвал болоо биш үү. Зүй нь төр “Даарч хөрч байна уу, дарамт учирч байна уу, алив, эндээ хүн орж, гарах зай гаргаарай. Хоёулаа хамтраад ачааг чинь зөөгөөд энэ орчноо аятайхан болгоотхоё” гээд үйлчлэх ёстой юм.

Мах, цагаан идээний худалдаанд боов илүүдэж, илүүдсэн боовон дээр торгууль тавихаас өөр ажил алга уу? Боов яагаад илүүдэв? Дархан-Уулын Засаг дарга захирамжаа дутуу гаргав уу? Үг үсэг бүрчлэн захирамжлах ёстой юу? Тийм бол Азжаргал та Мах, цагаан идээ, боовны худалдаа гэж тэр алдарт захирамжаа даруй засна уу? Тэгэхгүй бол наадах чинь хоол ид гэж хүн урьчихаад аяга өгдөггүйн үлгэр болоод байна. Эсвэл энэ үг хөөж, үсэг мөшгөж. “Мах, цагаан идээний худалдаа болохоос боовных биш” гээд иргэдийг хохироогоод байгаа байцаагчийнхаа хандлага, харах өнцгийг засах хэрэгтэй.

 

Төрийн хандлага, түмний хэрэгцээ хоёрын зөрүү ийм л байна даа. Алд дэлэм зөрж амьдраад, аргаа ядаад боовны хэрүүлээр хийцгүйрч байна. Монголын үнэн энэ шүү дээ. Аягүй бол буцалсан аарц чацаргана халуунаар нь зарвал ууттай хөлдүүг л арилжаалах ёстой гэж дарамтлах юм байна. Энэ хандлагаа, харах өнцөгөө өөрчлөөд өгөөч, жаахан юм уншаад, боловсроод, мэдлэгийн хүрээгээ тэлэхгүй бол. Төр бараадсан байцаагч түшмэдүүд үг асууж, үсэг засуулаад даргынхаа хаалгыг өдөрт хэдэн арав татаад гүйж явдаг болсон нь энэ шүү дээ. Цагаан сарын худалдаа л бол Цагаан сарын л худалдаа.

 

Боов боорцог, мах, цагаан идээ, тавгийн хайлмаг, чихэр, өрөм…сайн хийсэн хөлдүү бууз баншаа ч авмаар байна, яах гээд байдаг юм? Цагаан сарын шинийн нэгний өглөө өмнө чинь ширээ дүүрэн байдаг бүхэн энд багтах болно! Тэгээд ч хэрэгцээ нь байхад худалдаа орших л болно, дунд нь төр зохицуулах ёстой болохоос, энэ мэтээр самраад байвал юу болох вэ? Эсвэл ард түмэн чинь дан ааруулаар тавгаа засах болтлоо баяжчихаад, боовоо хорьсон юм бол түүнийгээ зарла, Азжаргал аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!