Нийгэм

Aнxaaрyyлга: Cэтгэцийн хyвьд хэт ЭM3ЭГ хvн уншихгvй байхыг зөвлөж байна. 90-ээд оноос өмнө…

“Эргэн дурсах сайхан” фэйсбүүк группт Алтанхүү хэмээх нэгэн сошиал хэрэглэгч дараах өөрийн сонирхолтой нэгэн дурсамжаа бичжээ.

Миний энэ өгүүлэх дурсамж бүр биечлэн харсан, сонссон зүйлс ба хамрах цаг хугацаа нь 1985-1989 он болно. Үнэн болохыг өөрийн биеэр батлана. Aнxaaрyyлга: Cэтгэцийн хувьд хэт ЭM3ЭГ хvн уншихгvй байхыг зөвлөж байна…

… 90-ээд оноос өмнө их л сайхан байсан гэцгээгээд байх юм. Үгүй шүү дээ. Яг масло, элсэн чихэртэй талх хүүхдүүддээ бүрэн хэрэглүүлдэг байсан хүмүүс гараа өргөнө үү? Боорцог гэж цувдайны хайлуулсан тосоор хийсэн жинхэнэ транс тосны бөөгнөрөл л идэж өссөн шүү дээ. Наранцэцгийн тос нь 9 төгрөг, дээд боловсролтой дунд сургуулийн багшийн сарын цалин 500 төгрөг. Иймд өөхөн тос хэрэглэнэ.

Цувдай ирэхээр авах гээд горьдоод эргэлдээд явж байдаг хичнээн их хүн байсан гээч. Манай өвөө л лав 90 он гараад л ” за хүүхээ, одоо л нэг сайхан хуруу зузаан хавирга идэж байна даа” гэдэгсэн. Монгол хүн хүссэн тарган махаа огтолж идэхээрээ нээх сайхан баяр хөөртэй байдаг юм билээ. Тэр тусмаа хөгшин хүн яахав насны эцэст хүссэнээ л идээд сайхан л байсан биз. Мах нь хичнээн туранхай мөртлөө ховор байсан гээч. “Энэ махны чинь гуянууд хаашаа орчдог юм бэ?” гэж их сонссон доо.

Би ХИД-1 явах замдаа л цувдайны цэгийг байнга хардаг байлаа. 33-р дэлгүүрийн баруун буланд (одоогийн Алтжин бөмбөгөрийн чанх урд) цувдайны мухлаг байсан юм. Уут сав барьсан гуниг гутрал царайлсан, хар бараан царайтай хүмүүс үүдээр нь байнга эргэлддэгсэн. Хааяа ирээд л, ирсэн дороо шууд дуусчдаг л учраас тэр шүү дээ.

Би соц үед гадуур их тэнэдэг байлаа. Хавь ойрынхоо бүх айлаар орж үзсээн. Одоо хэрэглэж байгаа хүнсний нэр төрлүүдийн дийлэнхийг 90-ээд оноос хойш л мэдэж авсан шүү! Эргэлзээтэй юм байвал асуу, би бол амьд нэвтэрхий толь байна, дэлгэрүүлээд өгье!

Хэт ядуу хүмүүс ч бас байсан. Хотын төвд цаасан картонон хайрцаг түүж түлдэг л байлаа. Рашаантын 18 дууг сонссон биз, яг л тэр амьдрал чинь гэр хороололд байсан юм. Байшин хороолол нь бас арай өөр гайгүй талдаа.

Цалин нь ердөө амьдралд хүрдэггүй байсан. Ямар цалинтай байна тэр нь ер өөрчлөгддөггүй байж билээ. Аав ээж 2 маань 1440 төгрөг авдаг байсан. Их л учиртай хэрэглэнэ шүү дээ.

Мөнгө зээлэхтэй холбоотой тухайн үед маш тренд болсон нэг хэллэгээс хуваалцья: “Ганц улаан аравт өгчөөч! Цалин буухаар өгье! Гэрт идэх юмгүй болчоод байна”.

Хадгаламж гэсэн ойлголт байгаагүй. Сар болгоны 15-аас хойш хүмүүс бие биенээсээ мөнгө зээлэх гээд яваад байдаг байж билээ. Мөнгөтэй хүн гэж өдрийн од шүү дээ. Хамгаа шавхчдаг байлаа.

Гэрлэлтийн даатгалтай байр гэж баруун 4 замын цаана барилгын байр байсан юм. Одоо ч байгаа л байх. Эх эцгүүд хүүхдийнхээ ирээдүйд нь зориулж, хадгаламж нээж сар бүр мөнгө хийж, нөгөө мөнгө нь жилд 6%-аар (хугацаатай хадгаламжийн жилийн хүү ийм байв) өссөөр 18 нас хүрэхэд нь 1000 төгрөг болох учиртай. Би хөөрхий дөө л гэж тэр үед боддог байсан.

10 гаруй жил цуглуулаад, хүүтэйгээ нийлээд 1000 төгрөг болгох гэж яасан их зовдог юм бэ гэж өрөвддөг байж билээ. Яасан үнэтэй мөнгө, ямар хайран цаг хугацаа вэ? Тэр үед Монголд дундаж наслалт 60 орчим, их л бага байлаа. 50 хүрсэн хүнийг л өвөө гээд дуудна. 40 хүрсэн хүн жигтэйхэн хөгшин харагддаг байсан үе.

1992 онд байна уу, Бямбасүрэн сайдын тогтоол гарч, мөнгөний ханш 2 дахин унах үед 1000-аас дээш төгрөгийн хадгаламжтай 15-хан мянган хүн байсан гэдэг. 1-10 мянган төгрөгийн хадгаламж 90% нь байсан гэсэн хөөрхий. Нэлээд найдвартай хүнээс сонсож байсийн. 1988 онд долларын албан ханш 3 төгрөг, хар зах дээр 25 төгрөг байв.

Улсын гадаад томилолтоор явж байгаа цөөн хүнд 100-200 доллар дотор 3 төгрөгөөр сольдог байсан гэдэг. Бусад нь 25-аар л мэргэжилтний 20 юм уу, Баянгол дээр солино. Тэр их үнэтэ 1000 төгрөг нь ердөө 40 доллар гэхээр сонин байгааз? Та 40 долларыг насны эцэст хураачаад сууж байна гээд төсөөлөөд үз дээ! Насан туршдаа ажиллачихаад шүү дээ, 20-45 жил дунджаар.

Нийгмийн ялгаа байгаагүй л гэх гээд байна аа даа. Үгүй найз нар аа. Би дискотек болж байгаа газраар их явдагсан, орох мөнгө байгаагүй. Тэнд бол жинхэнэ нийгмийн ялгарал тод харагдана.

Хот дотроо 4 хуваагдана шүү дээ. Хотын төвийн дарга нарын хүүхдүүд, хотын төвийн хүүхдүүд, хотын бусад хэсгийн хүүхдүүд, гэр хороолллын хүүхдүүд гэж. Өмссөн зүүсэн, бие авж явах байдал зэрэг нь шал өөр. Хөдөөнийх бол бүр харь гараг гэж үзнэ шүү дээ.

Цайны сүү гэж их чухал юм байж дээ. Одоо ч хүмүүс сайн ойлгохгүй байх. Хөдөөнөөс ирээд удаагүй хүмүүс (20-30 жил л болсон) учраас сүүтэй аагтай цай гэдэг нь маш чухал зүйл байлаа.

Зарим хүн аав ээжийнхээ цайны сүүний мөнгийг тасалчихгүй гээд зовж байна гэдэгсэн. Би өдөр айлуудаар их орно. Аав ээж нь ирээгүй байхад дандаа л хар цайтай байдаг байлаа. Юу байна, талх элсэн чихэр л голдуу байна шүү дээ. Уух юм хар цай л байна, нэг бол крантны түүхий ус.

Аав ээжийг ирэх үед л нэг юм сүүтэй цайгаа чанадаг байлаа. Өглөөний цай нь голдуу лаглайсан лапша байлаа. Хоносон хоолоо л өглөөн цайндаа хэрэглэнэ. Хүн байна даа, талх, өндөг, огурцы, помидор цайндаа хэрэглэдэг айл тун ч өдрийн од гэмээр л байлаа.

За тэр эрүүл хоололт энэ тэр ойлголт байхгүй хэр нь л тарган хүн нүдний гэм. Нууц нь өдөрт ганц удаа л хоол хийнэ, тэр нь лапша. Тос үнэтэй гээд хуурга тун ховорхон хийнэ шүү дээ. Дуунд хүртэл гардаг даа, “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч л явна даа” гээд. Орос айлд яваад орчвол тэгээд л шал өөр ертөнц. Варьенатай талх, нарийн боов зэрэг идэж, харин молоко, варьенийг зөвхөн цайндаа л хийж ууна. Соёлыг гайхах шиг л болдог байлаа. Хоол идсэний дараа амттан, десерт иддэг юм байна гээд гайхаж суулаа хө. Орос дэлгүүрийн үүдээр орос авгай нарыг царайчилсан монголчууд муухай царайлаад зогсож байдагсан.

Сургууль дээр нэг сайн тал нь формтой байлаа. Гэхдээ яаж ийгээд л бас ялгарал гараад ирнэ шүү дээ. Орос форм их чанартай, гоё харагддаг байлаа. Манайд сургуульд 30-аад хувь нь орос формтой байлаа. Тэгээд бусад зүйлсээр их ялгарна.

Бид нэг удаа жинхэнэ сэтгэлдээ хүрсэн гутал захаас худалдаж авж байлаа. Ээж yyрлаад л, аав за яахав дээ гээд л авсан юм, зaйлуул, 300-аас авсан байх аа. Сургуульд дээрээ очоод од болж байлаа. Тэр гутал намайг бараг бүтэн жил толгой дээгүүр явуулж байлаа.

Одооныхоор норд шиг л гутал юм даа. Та нарын тэр яриад байгаа үндэсний үйлдвэрийн чинь юмыг хиртэй бол авахгүй байх санаатай байсан юм даг. Дэлгүүрт миний өмсөж болох гутал байсан ч одоо үзэхээр үнэхээр гологддог байлаа.

Тэгээд л захаас дандаа үнэтэй юм авж чадахгүй учраас нөгөө л дотоодын юмнуудаа бас өмснөө, яг ижилхэн куртиктай хүүхэдтэй таараад зөндөө л ичдэг байлаа.

Арай боломжтой нь зусланд жижиг байшинтай байлаа. Байшин гэхэд ч хэцүү дамшиг даа. Хаанаас олдог байсан юм гэмээр сонин сонин юмаар босгоноо. Модон хайрцаг эвлүүлж угсарсан шахуу, жижигхээн навтгар байшин, гэхдээ бөөн бахархал шүү дээ.

1988 онд санаж байна, хөрөнгөтөн орны нэг нөхрийг аав Тээвэрчдийн зусланд аваачсан юм даг. Замдаа тэр зуслангийн байшингуудыг харснаа “Энэ танай ядуусын хороолол уу?”, гэж асуусан гэдэг.

Эрдэнэт
Төгсгөлд нь эдийн засгийн холбогдолтой хэдэн тоо хэлье! 1988 онд БНМАУ-ын 1 хүнд оногдох ДНБ ердөө 1000 доллар байсан. Хамгийн сонин нь соц үеийн туршид хамгийн өндөр цэг нь энэ он байсан ба 400-800 долларын хооронд 1967-1989 онуудад хэлбэлзсэн байдаг. Энэ нь олон улсын тогтсон ангилалаар “нэн ядуу улс”-ын ангилалд ордог юм.

Ийм багахан эдийн засаг буюу 1.5-2 тэрбум долларын эдийн засагтай мөртлөө улсын гадаад өр нь 10 тэрбум шилжих рубль буюу 10 гаруй тэрбум доллар байв. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээнээс 5-7 дахин их буюу 500-700 хувийн өртэй байна гэдэг бол дэлхийд одоогоор байхгүй үзүүлэлт юм. Тухайн улс ДНБ-ийнхээ 50-70%-аас давсан бол их өртэй гэж үзэх ба 200 хувь давсан хэдхэн орон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!