Нийгэм

М.Намсрай: Монголчууд буруу өдрөө шинэлчихлээ, шар зурхайгаар I.31 битүүн байсан

Азийн бусад орнууд хоёрдугаар сарын 1-ний өдөр шинэлсэн. Харин бид энэ өдөр битүүлж, хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэлсэн билээ. Гэвч сар гардаггүй битүүний өдөр хавирган сар гарч, мөн 1-ний өдөр 2-ныхотой дүйцэхүйц сар үзэгдлээ гэж олон нийт сошиал хуудастаа бичээд байгаа юм.

Үүнээс монголчууд буруу өдрөө шинэлэв үү, цаг тооны бичиг алдав уу гэсэн асуулт гарсан.

Төгсбуянтын зурхайг хийсэн зурхайчид цаг тооны бичгээ алдаагүй гэж үзэж байгаа. Мөн шинийн 3-ныг алгасаж, шууд 4 болно, түүнчлэн хоёр шинийн 7-ны өдөр тохионо гэж цаг тооны бичигтээ дурдаад байгаа юм. Энэ нь “Шинийн 3-ны өдөр 4-нийхтэй ижил хэмжээтэй сар гарах учраас ингэхээс өөр аргагүй” гэж тайлбарласан байна.

Тэгвэл энэ талаар Шар зурхайч М.Намсрайтай холбогдож тодрууллаа. Тэр шарын шашнаас ангид, монголчуудын уламжлалт зурхайн аргыг баримталдгаараа онцлог.

-Монголчууд буруу өдрөө шинэлчхэв үү дээ гэцгээж байна. Таны зурхайд хэрхэн тэмдэглэгдсэн байсан бэ?

-Одоо оройтчихлоо. Шар зурхайд хоёрдугаар сарын 1-нд шинийн 1 гэж бичигдсэн. Харин битүүн нь нэгдүгээр сарын 31. Нийтээрээ буруу өдөр шинэлчихлээ. Энэ шинэ үзэгдэл ч биш. Залуу наснаасаа л нүүдэлчин монголчуудынхаа уламжлалт аргаар зурхай зурлаа. Ингэж зөрсөн, буруу өдрөө шинэлсэн тохиолдол гарч л байсан.

-Яагаад цаг тооны бичиг ингэж зөрсөн юм бол. Алдаа нь хаана гарсан байж болох вэ. Хятадууд бол таны шар зурхайн дагуу шинэлсэн байна?

-Шар зурхай бол хүннүгийн үеэс монголчууд өөрсдөө од гараг эрхсээ ажиглан зурж ирсэн тэр нарийн ухаан. Би үүнийг ааваасаа өвлөж аваад насаараа зурж ирлээ. Энэ миний зурхай биш, Намсрайн зурхай биш, монголчуудын зурхай юм. Харин нөгөө цаг тооны бичгийг би сүүлдээ угаас монголчуудыг өөдийн нар үзүүлэхгүйн төлөө хийгддэг юм байна гэж бодох болсон. Энэ төрлийн зурхайг анх Монголд үндэслэгчид нь манжуудад тал зассан, тэдэнд үйлчилсэн хүмүүс л байсан гэдгийг түүх гэрчилж байна.

-Түүнчлэн энэ сард шинийн 3 гэж байхгүй, мөн хоёр шинийн 7 тохионо гэж бичсэн байсан?

-Тийм зүйл байх учиргүй. Цаг хугацаа жам ёсоороо урсдаг биз дээ. Өдөр алгасна, эсвэл давхардана гэж байхгүй. Ийм л зүйл хийж байгаа улс. Дараа жил энэ зурхайгаар Цагаан сар нь бүр нэг сараар зөрнө. 2025 онд гуравдугаар сарын 1-нд цагаалахаар байгаа. Харж л байхаас өөр яах вэ. Шар зурхайгаа дагадаг олон мянган монголчууд бий шүү. Би болон шар зурхайгаа дагадаг монголчууд хоёрдугаар сарын 1-ндээ шинэлж, мөрөө гаргасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!