Олны Танил Эрхэм

“Тань руу нүүж явна” киноны Жаргалын дүрд тоглосон Р.ГЭРЭЛ гуай ӨНГӨЛӨГ ЯВНА. Авьяаслаг түүнд харамгүй…

“Дулам гуайд хүүгээ өргүүлчих үү. Яах вэ дээ, айл сахалт юм чинь өдөртөө хэд л бол хэд уулзаад байна шүү дээ. За Цэрэн минь ухаан богино бол жаргал богино гэдэг шүү” хэмээн нөхөртөө хэлж буй “Тань руу нүүж явна” киноны өр зөөлөн, өгөөмөр сайхан Жаргал хэмээх эмэгтэйн дүрийг монголчууд андахгүй.


Харин уг дүрийг бүтээсэн яруу найрагч, сэтгүүлч, жүжигчин эмэгтэйг Р.Гэрэл гэдэг юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм хүндтэй цол хүртсэн билээ. Монголчуудын мэдэх Жаргалтай ярилцсанаа хүргэе.

К.о.р.о.н.а.в.и.р.у.с.и.й.н х.а.л.д.в.а.р.ы.н нөхцөл байдлаас шалтгаалж, бид уулзаж чадаагүй гэдгээ энд цохон тэмдэглэж үлдээе.
-Сайн байна уу, та. Соёлын тэргүүний ажилтан (СТА) гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасанд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хүмүүс таныг “Арай л хожуу Соёлын тэргүүний ажилтан боллоо доо” гэцгээж байсан. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр хөл газар хүрэхгүй шахам сайхан байна. “Сэтгүүл зүй, яруу найраг, кино урлаг гэдэг үнэхээр өндөр модон босготой байдаг юм байна шүү” л гэж бодож суулаа. Би “СТА болно” гэж ёстой бодсонгүй. МҮОНТ-ийн “Монгол киноны хүүхнүүд” нэвтрүүлгийн бичлэгийн үеэр надад шагнал гардуулсан.

Тэр олон Ардын жүжигчин, гавьяатуудын дэргэд СТА гэх цолоор шагнуулсандаа маш их баярлалаа. Би бүүр уйлах шахсан гээд боддоо. Миний нэрийг дуудаад, шагнал гардуулахад нь хажууд байсан жүжигчин Туяа эгчид “Яг уйлах нь шүү” гэсэн чинь “Уйлахгүй л гэвэл уйлахгүй шүү дээ” гэхээр нь хэлээ тас хазаад, нулимсаа залгичихсан.

60 нас гэдэг тийм ч хожимдсон гэж би бодохгүй байгаа. Ийм хэцүү цаг үед энэ шагналд намайг тодорхойлж, миний төлөө алхсан бүх хүнд талархаж сууна.


Хэрэв намайг тэд минь тодорхойлж явуулаагүй бол би энэ эрхэм шагналыг авахгүй байлаа. Надад бол ирээгүй байсан шагнал, мөрөөдөөгүй мөрөөдөл маань байлаа шүү дээ. Хүн баярлана гэдэг шагнал, тэмдэгтээ гол биш юм байна лээ. Чин сэтгэлээсээ баярлана гэдэг чинь үгээр хэлэхийн аргагүй сайхан зүйл байдаг юм байна.

-Монголын кино урлагийн салбарт хэчнээн дүр мөнхөлсөн юм бэ, та?
-Миний амьдралын бүхий л хугацаанд яруу найраг надтай хамт байсан. Би чинь кино урлагт тийм ч олон дүр бүтээгээгүй. Багаасаа л шүлэг бичих дуртай хүүхэд байлаа.

Дөрөвдүгээр ангиасаа эхлээд Радиод хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. “Өсвөрийн сүхбаатарчуудын хаан амрыг эрж, “Өглөөний мэнд” нэвтрүүлэг эхэлж байна. Хүүхдүүдээ “Залгамжлагч” станц үзүүлж байна” гээд л ярьж өгдөг байлаа шүү дээ.

18 настай байхдаа “Гул Аранжин” МУСК-нд гол дүр бүтээж, дараа нь “Тань руу нүүж явна” кинонд Жаргалын дүрийг бүтээсэн юм. Хоёулаа л миний хувьд зөөлөн, нандин, ховор эмэгтэйчүүдийн дүр санагддаг. Юугаа ч мэдэхгүй жаахан охин гол дүр бүтээчихсэн байдаг юм.


Одоо бодохоор инээд хүрээд байдаг шүү. Нөгөөтэйгүүр айдастай ч юм шиг санагддаг. Гэхдээ олон сайхан чадварлаг жүжигчин, найруулагчтай хамт ажилласан болохоор тухайн үедээ даваад л гарсан даа. “Тань руу нүүж явна” киноны зохиолыг маш чадварлагаар бичсэн зохиолч С.Оюун эгчид дандаа талархаж явдаг. Заримдаа тийм сайхан зохиол эмэгтэйчүүдийн ухаанаас л гарсан байж таараа гэж онгирмоор санагддаг юм (инээв).

-Монголын ард түмэн таныг “Гул Аранжин” киноноос илүү “Тань руу нүүж явна” киноны Жаргалын дүрээр нь мэднэ. Амьдрал дээрээ Жаргалаас тэс өөр хүн шиг санагдлаа?
-Би чинь дуу цөөтэй, зөрүүд хүн. Доошоо хараад л, нэг их юм бодож явдаг юм. Эсвэл тас тас хөхрөөд л, инээхээрээ зогсохоо больчихдог сонин хүн л дээ. Энэ бол яруу найрагч хүний зан байх. Жаргалтай адилхан гэж ёстой хэлж боломгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!