Шар Мэдээ

Намайг үзэхэд тэгж таарсан уу, бараг оролцогч болгон л хайртай хүмүүсээ алдсанаа, хагацсанаа ярьж уйлах.

Otgonbayar Gomgojav гэдэг хэрэглэгч The Voice нэвтрүүлгийн талаар нэгэн байр суурь илэрхийлжээ.

“Охидоо дагаж “Войс”-ийн хэд хэдэн дугаар үзлээ. Намайг үзэхэд тэгж таарсан уу, бараг оролцогч болгон л хайртай хүмүүсээ алдсанаа, хагацсанаа ярьж уйлах. Үнэхээр хүнд сцен. Хэт хүчлэн яриулж, доза хэтэрсэн нь ч байна. Энд “Войс”-ыг муулах гээгүй, олон хүний хүч хөдөлмөрийг хүндэтгэнэ, сайхан уран бүтээл.

Харин хамгийн олон хүнд хүрсэн, олон үзэгчтэй гэдэг утгаар нь “Войс”-ыг зөвхөн жишээлж, “Монгол тулгатны 100 эрхэм”-ээс эхтэйгээр зочноо уйлуулах, оролцогчоо өрөвдүүлэх замаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө, нэвтрүүлгээ сошиалд тараана, олныг татна гэсэн тактик, арга сүрхий газар авсныг л хэлэх гэсэн юм. Миний л бодол шүү. Хагацал хамгийн хэцүү. Би ч тийм зовлон туулж яваа.

Өөрийгөө хорвоогийн хамгийн азгүй, заяагүй нэгэнд тооцож, цаг хугацааг буцааж болох тухай бодож, ерөнхийдөө ганцаардал, ном хоёроор хань хийж явсан, энэ зовлон маань үе үе сэдэрч сэргэдэг өдрүүд надад бий. Бурханы шашин, Будда, бүр еврейн Тора-гийн тухай, Рабби нарын сургаалийн тухай гээд олон эх сурвалж уншсан даа. Харин “Мял богдын гэгээрсэн түүх”-ээс олон зүйлийг танин ойлгож, дотоод сэтгэлээ үл гадагшлах, гадаад чанараа дотроо аминчлах тухай уншиж мэдсэн.

Жишээ нь, хүүгээ алдсан эх түмэн зовлон мянган бэрхшээлийг туулсаар Мял богдод ирдэг. Хүүгээ дахин амилуулж өгөхийг гуйж, түүний төлөө бүхнийг хийхэд, бүр зөрүүлж өөрийн амиа өгөхөд ч бэлэн буйгаа хэлдэг. Хорвоогийн явдлыг учирлаж ойлгох тэнхэл хийгээд хүсэлгүй болсон хөөрхий ээжид Мял богд ингэж хэлдэг. -За, би хүүг нь буцааж амилуулъя. Гэхдээ ганцхан болзолтой. Чи яваад хагацал огт үзээгүй, ойр тойрныхноосоо хэн нэгнээ бурханд өгөөгүй ганц л хүн олоод ир.

Тийм хүн олдвол хэзээ ч над дээр эргэж ирж болно, би хэлсэндээ хүрч хүүг чинь амилуулна гэж хэлсэн гэдэг. Мэдээж хөөрий эх буцаж ирээгүй, тийм хүн олдохгүй учраас. Энэ нь “Бусдын хагацлаар өөрийн зовлонгоо нимгэл” гэсэн санаа ерөөс биш бөгөөд хүн бүрт ээлж дараагаар заавал ирэх учиртай хорвоогийн үнэн” гэсэн энгийн тайлалтай. Харин хүн бүр хорвоогийн үнэнтэй үл эвлэрч явбал нас чинь хүрэхгүй бөгөөд ялахгүй, бас хүн бүр зовлонгоо өдөр болгон санаж, үргэлжид ярьж, бусдад сонсгож өнгөрөөвөл даанч богинохон амьдралд дэндүү хайран…гэж өгүүлдэг.

Мэдээж, бид биднээс явсан хайртай хүмүүсээ хэзээ ч мартахгүй, санах үедээ санаж, дурсах үедээ дурсаж, уйлах үедээ уйлна. Харин үүнийгээ зөвхөн өөртөө үйлдэж, дотроо хадгалж, хорвоогийн үнэнтэй эвлэрэх нь явсан, үлдсэн хоёуландаа хэрэгтэй бөгөөд үргэлжид сайнаар дурсаж явах тухай өгүүлдэг. “Агнистын гэгээ”-ний олон цувралаас минийхээр “Мял богдын гэгээрсэн түүх” хамгийн сонирхолтой нь. Ер нь “Мял богдын намтрыг уншихад насны нүгэл ариусна” гэж сургасан байдаг юм билээ.

Булган аймагт байх Дуутын хар чулуунд буулгасан Цогтын хадны бичээст Мял богдын буман дуулалд ч иймэрхүү энгийн үнэнийг өгүүлсэн байдаг. Гол санаагаа одоо хэлье. Мял богдын хэлснээр хагацал бүх хүнд бий, хүн бүрд байх адил шинж. Харин аливаа уран бүтээл, сэтгүүлзүй бол тухайн хүнд л байх, түүний бусдаас ялгарах гоц гойд чанарыг онцгойлон гаргаж, үзэгчдэд урам зориг, үлгэр дуурайлал болдог, сүүлийн үеийн хэл устай залуусын хэлдгээр мотивац өгч байх үүрэг нь илүү баймаар санагддаг.

Жишээ нь, “Voice”-т орохын тулд англи дууг яаж дуулж сурснаа, хэлээ яаж сайжруулснаа, цагаа яаж төлөвлөж зохицуулж ирснээ, ирээдүйн зорилгоо юу гэж харж байгаагаа, түүнийхээ төлөө яаж хөдөлмөрлөж суралцаж буйг нь яриулбал үзээд сууж байгаа хүүхдүүдэд маань, бас эцэг эхчүүдэд илүү хэрэгтэй, өгөөжтэй санагдана. Хэрвээ анзаарсан бол Солонгост уйлуулдаг киноны нэгэн бүтэн үе байсан юм билээ. Манайд тэрийг дуурайх хандлага ажиглагдаж буй.

Гэхдээ нэг ялгааг олж хараасай. Солонгосуудын хувьд үзэгчдээ уйлуулах нь зуудугаар асуудал, харин уйлуулж анхаарал татангаа хэдхэн секунд ч хамаагүй, ганхцан дүрсээр ч хамаагүй солонгосын түүх, хүндлэх ёс, хүндлэл, уламжлалт эм, ялангуяа солонгос хоол, түүний технолгиор үндэстний соёлын бодлогоо үргэлжид сурталчилж, үнэ цэнэ үндэстний амин чанараа хадгалахыг зорьдог. Харин манай уйлуулдаг контентуудад тийм соёлын бодлого, агуулга нь цөөхөн харагддаг.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!